Байр суурь3 мин унших

О.Номинчимэг: Авлига цэцэглэх гол үр, уурхай нь төрийн өмчийн компаниуд юм

УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

УИХ-ын гишүүн болоод 1 жилийн хугацаанд энд сууж байхад 1 зүйл их тодорхой боллоо гэж харж байна. Энэ бол Монгол Улс маань баялгийн хараалд идэгджээ.

Баялгийн хараал гэсэн олон улсын нэр томьёо бий. 2008, 2009 оноос эхлэн уул, уурхайн томоохон төслүүд хөдөлж эхлэхтэй зэрэгцэн баялгийн хуваарилалтууд эхэлсэн. Уул уурхайгаар олсон мөнгөөр сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авахад ашиглаж сонгогчид болон тэдгээрийн үр хүүхдүүдийн ирээдүйг бэлэн мөнгөөр худалдаж авдаг болсон.

Хавтайрсан их халамжаас үүдэж ажлын байрны оролцоо багассан, ажлын байр нэмэгдэхгүй байна. Уул уурхайгаас олсон орлогоо олон тулгуурт эдийн засгийн бодлоготой болгох байтугай дундаж давхаргаа тэлэхэд чиглэсэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд зарцуулаагүй гэж харагдаж байна. Одоо бид чөтгөрийн тойрогт орсон байна.

Баялгийн хараалд орсон орны симптомууд бий. Нидерланд, Чил нь байна уу, африкийн улсууд байна уу, бүгдэд нь симптомууд гардаг.

Төсвийн хяналтаас гадуур баялаг байна. Энэ бол улс төрийн бүлэглэлүүдийн эдийн засгийн талбар болсон байна гэж харж байгаа. Иргэдийн эрх ашиг, сайн сайхнаас илүүтэйгээр эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг дээгүүр тавьсан бодлого гаргадаг болсон байна. 

Системийн авлига гаарч, тэр хэрээрээ нийгмийн шударга ёс алдагдсан байна. Засаглалын институциудын бие даасан, хараат бус байдал суларсан байна. Энэ бүхнийг бид засаж, залруулах шаардлагатай. Засаглалаа сайжруулах ёстой. Засаглалаа сайжрууллаа гээд хуулийн нэр томьёон дээр ажиллаад сууна гэсэн үг биш. Симптомтой нь биш, учир шалтгаантай нь, уг угшилтай нь тэмцэх ёстой. Үүнийг төрийн өмчит компаниудаасаа л эхлэх ёстой гэж харж байна.

Төсвөөс гадуурх мөнгөний том хэсэг. Төрийн өмчит компаниуд эдийн засагт маш их гажуудал үүсгэж байна. Төрийн эдийн засаг дахь оролцоо хэт их байна. Зах зээлийн зарчмыг гажуудуулж байна. Хувийн хэвшлийн орон зайг боомилж байна. Авлига цэцэглэх гол үр уурхай нь төрийн өмчийн компаниуд дээр байна.

Тэгэхээр 2026 онд Монгол Улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Үүнд ТӨК-ын засаглалын реформ гээд их чухал асуудлууд туссан байсан юм. Реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулна. ТӨК-ын бүтээмжийг 30 хувиар сайжруулна гээд. Харамсалтай нь 2026 оны төсөв дээр энэ үнийг дүнгээр хэрхэн тооцоолж тусгасан нь байсангүй.

Өнөөдөр 5 жилийн төлөвлөгөө орж ирж байна. Ингээд харахаар дахиад л ЗГХЭГ-аас ТӨК-иудыг цэгцэлье, засаглалыг сайжруулна, орон нутаг, төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлнэ, бүртгэл мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангана гэсэн 3 зорилт байгаа юм. ТӨК-иудын эдийн засгийн оролцоог нь багасгах, олон гажуудлын үр уурхай засна гэсэн ийм зүйлийг хийнэ гэж харж байна уу?

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн