Онцлох мэдээ3 мин унших
Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийн талаар ахмадуудад танилцуулав

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн төвийн дүүргүүдийн гишүүн, дэмжигч ахмадуудад зориулсан ээлжит уулзалтаа өнөөдөр /2025.12.02/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
Ахмадын холбооноос улс төр, нийгэм, эдийн засаг, намын үйл ажиллагаатай холбоотой бодит мэдээллийг цаг тухайд нь ахмадуудад өгөх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүд, намын удирдах албаны хүмүүсийг оролцуулсан ийм уулзалтыг 14 хоног тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийнх 20 дахь нь болж байна. Энэ удаад УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал оролцож бүлгийн бүтэц, үйл ажиллагаа, парламентаар хэлэлцэн шийдвэрлэсэн бодлого, шийдвэр, ирэх оны улсын төсвийн онцлог, 2026-2030 оны үндсэн чиглэлийн талаар ахмадуудад товч танилцууллаа.
УИХ-ын 126 гишүүний 68 суудлыг Монгол Ардын нам авч олонхыг бүрдүүлж буй улс төрийн хүчний хувьд бүлэг дотроо тус бүртээ тухайлсан асуудал хариуцсан дөрвөн дэд даргатайгаар ажиллаж байна.
Ирэх 2026 оны улсын төсвийг парламентаар хуулийн хугацаанд баталсан бөгөөд Засгийн газраас ирэх оныг боловсролын жил болгон зарласантай холбогдууулан энэ салбарт түлхүү анхаарсан гэдгийг бүлгийн дарга онцлов. Тухайлбал, багш нарын цалинг ирэх онд хоёр үе шаттай нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрыг шинээр барихад зарцуулах хөрөнгийг төсөвт суулгасан байна. Үүнээс гадна эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид гээд нийгмийн бүхий л салбар, төлөөлөл болон улсын өмнө тулгамдаад буй асуудал руу эрх баригч хүчний намын бүлгээс анхаарал хандуулж ажиллаж байгаа аж.
Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 31,930.0 тэрбум төгрөг, нийт зарлага 32,980.0 тэрбум төгрөг, урсгал зардал 24,901.9 тэрбум төгрөг байхаар баталсан байна.
Монгол Ардын нам дотоод ардчилал, хариуцлага, сахилга өндөр байх ёстой, мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд намын санхүүжилтийг шилэн байлгах, үүгээр дамжуулан авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн үүднээс саяхан болж өнгөрсөн намын 31 дүгээр Их хурлаар намын дүрэмд томоохон өөрчлөлт оруулсныг бүлгийн дарга Ж.Батжаргал дурдав.

Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлсэн "Гишүүн төвтэй E4" стратегийг хэрэгжүүлэхийн тулд бодлого, дүрэм, журам, хууль, эрх зүйн орчныг тодорхой, ойлгомжтой болгох, чөдөр тушаа болж буй зүйлүүдийг эргэж харах, сайжруулах зүйлс байгаа тул УИХ дахь намын бүлэг энэ чиглэлд идэвхтэй ажиллана хэмээн бүлгийн удирдлага хэллээ.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл асуулт, санал хүсэлтээ хэлэв. Тэтгэврийг нэмүүлэхээр шаардлага тавьж буй ахмадуудтай 126 гишүүний төлөөлөл уулзсан эсэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, намын нэр хүндийг дээшлүүлэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс анхаарах зэрэг санал, хүсэлт, шаардлагыг хэлж байлаа.
Уулзалтад Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар оролцов.

Намын дэргэдэх ахмадын холбооноос өмнө нь санаачилга гаргаж, УИХ-ын даргын захирамжаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой шийдэл гаргах ажлын хэсэг, мөн дэд хэсгийг ч байгуулан ажиллаж буй. Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг цаашид төрийн бодлого болгоход УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн анхаарлыг чиглүүлэн ажиллана гэдгээ бүлгийн дарга Ж.Батжаргал ахмадуудад хэллээ.
ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
