Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Ашиг нь өсөн нэмэгдэж байгаа МИАТ шиг компанийн хувьцааг зарахын оронд стратегийн хөрөнгө оруулагч оруулж ирэх ёстой биш үү?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар Засгийн газар 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт асуув.

Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн бизнес орон зайг сайтар хийж төлөвлөх нь зүйтэй.Зүй нь суурь хууль, бодлого юу байх вэ гэдэг асуудлаа шийдчихээд цаашилбал зөв байсан ч цаг хугацааны асуудал байх шиг байна.

Улс төрийн өмчит компанитай байх юмуу гэдэг нь тухайн улсын геополитикээс, хөгжлийн ямар түвшинд байгаагаас хамаарна. Түүнийгээ тодорхойлж хуулиа батлаагүй байхад хувьчлалын асуудал ороод ирлээ. УИХ-аар нэлээдгүй хэлэлцэж байж батлах ёстой.

Асуудал хаана, юунд байна гэдэг шийдлээ зөв гаргачихдаг. Төрийн оролцоо их байна. Үүнийг олон нийтэд нээлттэй байлгаж, үр ашгийг нь сайжруулъя гээд хувийн хэвшилд хөрөнгө оруулалтыг бий болгоё гээд асуудлаа зөв тодорхойлсон байна. Харамсалтай нь шийдлээ гүйцэтгэх гүйцэтгэл дээрээ дандаа алддаг, залхуурдаг. Гүйцэтгэлийн процесс, detail дээрээ алдаж, хүссэн үр дүнг бий болгож чаддагүй. Тиймээс бэлтгэж ажлуудаа зөв хийсэн эсэхийг асуумаар байна.

1. Бэлтгэж ажлын хүрээнд юу төлөвлөсөн бэ? IPO хийж олон нийтэд хувьцаа зарна гэдэг нь маш удаан хугацааны бэлтгэл ажил шаардагддаг. Алдагдалтай байгаа төрийн өмчит компаниуд чармайгаад чармайгаад болохгүй байна уу, хулгай орсноос болсон уу гэдэгт санхүүгийн дүн шинжилгээ хийнэ. Үүнд хамгийн багадаа 6 сар, томоохон компаниудад 2-3 жилийн асуудал бий.

2. Олон компаниудыг зарж, хувьчилснаар хэдэн их наядын хөрөнгө оруулалт орж ирэх вэ? Нийлүүлээд хэдээр үнэлж гаргана гэж бодож байгаа вэ?

3. Өргөжиж, ашиг нь өсөн нэмэгдэж байгаа МИАТ шиг компанийн хувьд одоо байгаа 10 хувийн хувьцаагаа төр зарна гэдэгт ямар логик байна вэ? Эсвэл бусад компаниудын адилаар шинээр гаргаад стратегийн хөрөнгө оруулагч оруулж ирэх ёстой биш үү? Энэ 10 хувиа зарснаар төсөвт ямар нэмэр болох вэ? 3 Үе шаттай ажлыг яагаад МИАТ дээр төлөвлөснийг асуумаар байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн