Байр суурь2 мин унших
Б.Найдалаа: ТӨК-иудыг хувьчилснаар засаглал сайжирч, үр дүн гарсан туршлага бидэнд байхгүй!
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа асуулт асуулаа.
Бүрэн дэмжиж байгаа. 2001-2022 онд 5 удаа хувьчлах тогтоол шийдвэр гарсан байдаг. Түүний биелэлт нь 33%. Сүүлд 2022 онд 26 компанийг хувьчилна гээд 2-ыг л хувьчилжээ. Яагаад энэ тогтоол, шийдвэр биелэхгүй байгаа юм. Эсвэл анхнаасаа итгэл үнэмшилгүй, үзэл баримтлалгүй шийдвэр гаргачихсан юм уу? Үүнд шинжилгээ хийсэн үү? Дүн шинжилгээ хийгээгүй бол өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр бас л биелэхгүй. Тиймээс утгагүй шийдвэр болно.
Эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үе шатуудад тэдгээр компаниуд, төр ямархуу оролцоотой байх талаар баримталж буй бодлого юу вэ? Үүнээс хувьчлалын бодлого нь хамаарах гээд байна. Либералчилна ч гэдэг юм уу чөлөөлнө ч гэдэг юм уу замбараагүй, бодлого чиглэлгүй яваад байна. Үүнийг шийдэхгүйгээр хувьчлах ажил руу ханцуй шамлаад орох юм бол засаж болохгүй алдаа гарна. Бусад улс орны жишээн дээр ч бий. Монгол Улсад эрчим хүчний дамжлагууд дээр төрийн өмчийн оролцоо нь ямар байхыг одооноос тодорхойлчхоод, түүний дагуу хувьчлалаа хийхгүй бол дутуу, буруу юм болчих вий.
Төрийн банкны 51%-ийг төрд үлдээх тухай. Сайн муу, зөв буруу гээгүй. Төрийн банк 51% байх нь бодлогын ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ? Арилжааны банк эзэмших шаардлага бий юу? Учир нь зөвхөн 49%-ийг нь хувьчлаад 51%-ийг үлдээгээд дараа нь хувьчилна гэвэл хувьчлалын үе шатын хувьд, тактик стратегийн хувьд үр дүнгүй болчихдог.

Хувьчлах сонирхолтой этгээдүүдийн дунд сонирхлын зөрчил ч бий болгодог сургамж бидэнд бий. Энэ тал дээр анхнаасаа байх ёстой эсэхээ шийдээд, зөв тактик, стратегиа анхнаасаа сонгохгүй бол алдана.
Хөрөнгийн биржээр хувьцаа гаргана аа олон нийтэд нээлттэй болгоно гэдэг нь үнэхээр сайхан сонсогдож байгаа. Ажлын хэсэгт Хөрөнгийн биржийн СЗХ-ноос хүмүүс байх шиг байна. Яг одоо Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа ТӨК-удын хувьцааны хөрвөх чадвар хэр байдаг вэ? Мэдээлэл нь нээлттэй байж чадаж байгаа юу? Засаглал нь сайжирч байна уу? Том хувьцаа эзэмшихдээ хөтлөгдөөд амьгүй, хөрвөх чадваргүй, хэн ч авдаггүй, хэнд ч зардаггүй, хувьчилсан нэртэй болчхоод байгаа юм. Хувьцаа гаргана гээд байдаг. Бодитой биелэх боломж байгаа юм уу? Хувьцаа нь зарагдах уу? Ялангуяа цөөхөн 5, 10, 49%-ийг алдагдалтай компанийн хувьцааг нь хэн авах вэ? Өмнөх хувьчилсан ТӨК-удын хувьцааг эзэмшиж байгаа, засаглал нь сайжирч байгаа, хувьцаа гаргасны үр дүнд гаргаж байгаа үр дүн дээр дүн шинжилгээ хийсэн зүйл байна уу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
