Үйл явдал3 мин унших
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захиралыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, бүс нутаг болон олон улсын эдийн засгийн сүлжээнд холбох, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх” төслийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Замын-Үүд чөлөөт бүсэд 2021 оноос хэрэгжүүлж байна. Төслийг 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна.
Шадар сайдын Ажлын албанаас 2026 онд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын бүх ажлыг эхлүүлж, 2028 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тухайлбал, ойрын хугацаанд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг холбох хил холболтын асуудлын талаар холбогдох байгууллагуудад танилцуулга хийж, БНХАУ-ын талд хариу хүргүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр, хил холбох замын өндөржилтийг тогтоож, авто замын нарийвчилсан зураг төсвийг боловсруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдэх юм.

Шадар сайдын зүгээс уулзалтын үеэр ADB Trust Fund-аас хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, институцийн чадавх бэхжүүлэх, төсөл бэлтгэх, туршилтын болон шинэлэг шийдлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг олгодог санхүүжилтийн механизмын хүрээнд шинэ төсөл хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа онцоллоо.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслүүдийг АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Онцгой байдлын салбарт хэрэгжих төслийн тухайд уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын хүчин зүйлийн улмаас манай оронд сүүлийн 10 жилийн хугацаанд (2015-2024) нийт 45,501 аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2515 хүний амь нас эрсдэж, 11 сая толгой мал хорогдон, 520.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь нийгэм-эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд яаралтай тусламжийн төвүүдийг орон нутагт байгуулж, телевиз, фм, радио, гар утасны сүлжээгээр дамжуулан яаралтай сэрэмжлүүлэг түгээх аргыг нэвтрүүлж, шуурхай мэдээллийн дамжуулалтыг сайжруулан, дохионы цамхгуудыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алслагдсан бүсэд хүрэх хөдөлгөөнт холбооны нэгжүүдийг байгуулахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг тусгасан гамшгийн эрсдэлийн хяналтын системийг бий болгож, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчилж, улс, орон нутгийн онцгой байдлын ажилтнуудад сургалт зохион байгуулахаас гадна 21 аймагт сайн дурын бүлгүүдийг байгуулж сургаж бэлтгэх юм.
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ой, хээрийн болон олон давхар барилга, үйлдвэрийн обьектын гал түймэр, үер ус, уурхай, цацраг химийн болон тэсрэх дэлбэрэх осол зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, багаж хэрэгслээр хангаж, орон нутгийн байгууллага, мэргэжлийн анги, сайн дурынхан болон иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхээр зорьж байна.
Импортоос 100 хувь хамааралтай орны хувьд эрчим хүчний найдвартай хангалтад шатахууны нөөц бүрдүүлэх, агуулах савтай болох нь эдийн засгийн болон нийгмийн амьдралын тулгамдсан зорилт болж байгаа. Энэ байдлыг шийдвэрлэхэд мөн хамтарч ажиллахыг уулзалтын үеэр илэрхийллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
