Үйл явдал1 мин унших
Монгол-Казахстан хоёр улсын "Онцгой байдлын салбар" дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах уулзалт боллоо

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал Чингис Ариновтой уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын онцгой байдлын бодлого, гамшгийн эрсдэлийн удирдлагын институтийн тогтолцоо, байгалийн гамшиг, эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.


Талууд бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, хамтарсан сургалт, дадлага сургууль зохион байгуулах, мэргэжилтэн солилцох, онцгой байдлын салбарт мэдээлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцолж, 2007 онд байгуулсан онцгой байдлын асуудлаарх хоёр талын хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаар санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд Монголын тал харилцан ашигтай, бүтээлч хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж Казахстаны төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлахыг урилаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
