Онцлох мэдээ2 мин унших

Санхүүгийн хоршооны тухай хуулийг хэлэлцлээ

Санхүүгийн хоршооны тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн чуулганаар Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хуулийн төслийг танилцууллаа.

Санхүүгийн хоршоо буюу иргэдийн нэрлэж заншсанаар Хадгаламж, зээлийн хоршоо нь 1996 онд байгуулагдсан бөгөөд 2005-2006 оны хямрал нь хяналт, зохицуулалт хангалтгүй, хоршооны тухай иргэдийн мэдлэг муу байснаас зарим хоршооны үйл ажиллагаа ашгийн бус байх, нийгмийн чиг баримжаатай байх сонгодог утгаасаа гажуудаж, банк, хөрөнгө оруулалтын сангийн шинжтэйгээр үйл ажиллагаа эрхлэх болсон байна. Улмаар анх үүсгэн байгуулсан бүлэг этгээдэд хоршооны удирдлага төвлөрсөнтэй холбоотойгоор хоршооны гишүүд, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирч ирсэн гэлээ. Энэ үйл явдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоршооллын хөдөлгөөний нэр хүндийг Монгол Улсад унагасан уршигтайг дурдаад “Үүссэн нөхцөл байдлыг засаж, салбарыг хянах, зохицуулах байгууллагыг бий болгохоор 2011 онд Улсын Их Хурлаас Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг баталж, салбарыг цэгцлэх үйл ажиллагаа эхэлсэн” гэв.

Өнөөдрийн байдлаар хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53.5 хувь буюу 52 нь орон нутагт, 46.5 хувь буюу 80 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2025 оны байдлаар салбарын нийт хөрөнгө 379 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 0.5 хувь, гол үзүүлэлт болох хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.5 хувьтай тэнцэж байгааг онцлов. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээл 10.3 сая төгрөг бөгөөд энэ үзүүлэлт нь Улаанбаатар хотод 17.4 сая төгрөг, орон нутагт 4.9 сая төгрөг байгаа аж. Нэг хадгаламж эзэмшигчид ногдох дундаж хадгаламж 5.3 сая төгрөг бөгөөд тус үзүүлэлт нь Улаанбаатар хотод 7.5 сая төгрөг, орон нутагт 2.9 сая төгрөг байгаа юм байна. Нийт гишүүдийн тоо 2025 оны байдлаар 77155 иргэн байгаа нь эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг эзэлж байгаа аж. Энэ үзүүлэлтээрээ Азийн дундаж үзүүлэлт болох 6.6 хувьтай ойролцоо, олон улсын дундаж үзүүлэлт болох 11.2 хувиас 5.7 пунктээр доогуур байгааг Б.Заяабал гишүүн дурдсан.

Монгол Улсын 18-64 насны эдийн засгийн идэвхтэй хүн амын 26 хүн тутмынх нь нэг нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, 71 хүн тутмын нэг нь зээл авсан, 41 хүн тутмын нэг нь хадгаламж төвлөрүүлсэн гэх тоон мэдээллийг мөн танилцууллаа. Хэдийгээр санхүүгийн зах зээлд эзлэх хэмжээ харьцангуй бага ч тогтвортой, зохистой өсөлтийг үзүүлж буй зээл болж төлөвшиж байгааг тэмдэглээд “Тасралтгүй хөгжиж байгаа энэ зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тохирсон зохицуулалтыг бий болгох, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, гишүүдийн санхүүгийн хэрэгцээнээс гадна нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хоршоодыг хөгжүүлэх шаардлага тулгарч байна” хэмээсэн. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа