Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: УИХ, иргэдийн хяналтаас гадуур тусдаа төсөв ТӨК-иуд дээр бий болсныг цэгцлэх цаг болсон!
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийллээ.
Бидний хэдэн нөхөд ч гэсэн яг адилхан агуулгатай уг хуулийг хүчингүй болгоё оо гэдэг хуулийг өргөн барьсан. Тэгэхээр хүчингүй болгох нь зөв. Учир нь Үндсэн хуульдаа нийцсэн зарчмаар хууль тогтоолуудаа гаргаж явах ёстой. БНМАУ-ын үеийн хуулийг хүчингүй болгох нь зөв. Энэ хууль нь хувийн хэвшил рүүгээ дайрсан шинжтэй зүйл болох гээд байгааг АН ч хэлж байна.
Одоогоор сүртэй хувийн өмч гэж хэлээд байх компанид БЭТ томилсон гэж харагдахгүй байна. Тавантолгой ХХК-ийн хувьд орон нутгийн өмчит компани гэж явдаг. Ийм нөхцөл байдалтай болсны шалтгааныг зарим хүмүүс маш сайн мэдэх байх.
ТӨК-уд дээр БЭТ томилох явдал 2019 оноос хойш их болсон гэж үзвэл энд ТӨК-удын асуудал л байгаа юм. Төсвөөс гадуурх төсөв буюу УИХ, иргэдийн хяналтаас гадуур тусдаа төсөв ТӨК-удаар бий болсон. УИХ, ЗГ-ын шийдвэрт ч ордоггүй вант улсууд болоод хувирчихсан байхгүй юу. Байгалийн баялаг тойрсон эдийн засаг улс төрийн бүлэглэлүүдийн баялаг хуваарилалтын хэрэгсэл болчихсон. Аргаа ядаад БЭТ тавиад энэ асуудлуудыг цэгцэлье гэсэн. Нэн түрүүнд ТӨК-удыгаа цэгцлэх дээр анхаарах нь зөв. УИХ дээр энэ хууль явж байгаа.
БЭТ-ийн хуулийг хүчингүй болгохыг дэмжиж байгаа. Үүнийг дагасан Онц байдлын тухай хууль дээр ТӨК-удтай холбоотой тодорхой заалтууд орж ирсэн байна л даа. Онц байдлын хуулийг УИХ гаргаад явдаг маш том дэглэмтэй хууль. Зөвхөн ТӨК-д гэхээсээ илүү нутаг дэвсгэрээр нь гаргаад онц байдал зарлаад дэглэмээ тогтоогоод явдаг аа. Онц байдлын үед тусгайлан ТӨК-удаар авах арга хэмжээг нарийвчилж өгөх хэрэгцээ байгаа юу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
