Байр суурь2 мин унших
Ш.Бямбасүрэн: Засаг даргын орон нутгийн өмчит компанийн удирдлагыг томилох эрх хэвээр байсан цагт засаглал огт сайжрахгүй
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн үзэл санаа, хэрэгцээ шаардлагыг нь харахаар гоё зүйлс бичигджээ. Гэвч дотроо бодит өөрчлөлт харагдахгүй байна. Нэршил өөрчилсөн мэт л харагдаж байна.
Уг хуулийн 78 дугаар зүйл дээр Засаг даргын бүрэн эрхийн талаар хуульчилсан. Орон нутгийн өмчийн хуулийн 78.2.2 дээр зөрчилдөх заалт нь бий. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, засаглал сайжруулахтай холбоотой юу ч байхгүй.
Компани болгосноороо энэ заалт нь хэвээрээ байх юм бол засаглал огт өөрчлөгдөхгүй, улс төрийн томилгоо л орно. Өмчийн хэлбэрээс үл хамаараад Компанийн тухай хуулиараа зохицуулагдвал илүү ойлгомжтой. Компанийн тухай хууль харьцангуй сайн хууль шүү дээ. Засаглалын асуудлыг тодорхой заачихсан. Гэтэл компанийн тухай хуультай зөрчилдөх заалт байгаа юм. Орон нутагт болдог хамгийн түгээмэл асуудал нь энэ. Нэг хэсэг нь Компанийн тухай хуулиараа ТУЗ-өө байгуулаад, хяналтаа тавья. ХЭХ дээр жил болгон тайлангаа тавьж, гишүүдээ үнэлдэг болъё, гүйцэтгэх удирдлагын багтаа хяналт тавиад явъя гэсэн асуудлыг тавихаар Засаг даргын бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Засаг дарга 100% нэг хүнийг томилох болдог. Энэ заалтыг авч хаяхгүйгээр засаглал сайжрахгүй.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
