
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дахь бага хурал ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ хурлын ач холбогдлыг тайлбарлахгүй юу?
-НҮБ-ын дэргэд Риогийн гурван том конвенц байдаг. Үүнд:
● Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц,
● Биологийн олон янз байдлын конвенц,
● Цөлжилт болон газрын доройтолтой тэмцэх конвенц багтдаг
Талуудын бага хурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн СОР17 хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Үүний хүрээнд бэлтгэл ажил хийгдээд явж байна.
Хуралд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд нэгдэн орсон 197 улсын Засгийн газрын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд зэрэг оролцож, газрын доройтол, цөлжилттэй холбоотой дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ. Энэ бол зөвхөн нэг удаагийн хурал биш, тодорхой шийдвэр, протокол гардаг албан ёсны үйл ажиллагаа. Конвенцын хүрээнд батлагдсан шийдвэрүүдийн дагуу улс орнуудад тодорхой үүрэг, чиглэл өгдгөөрөө онцлогтой. Мөн СОР17 хурал зохион байгуулснаар Монгол Улс дараагийн СОР18 хурал хүртэл хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцыг даргалж ажиллана.
Монгол Улс энэ хурлын хүрээнд ямар санаачилга дэвшүүлж байгаа вэ?
-Энэ удаагийн хурал дээр Монгол Улсын Засгийн газар “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулна. Үүний хүрээнд гурван томоохон санаачилга дэвшүүлж байна. Нэгдүгээрт, Бэлчээрийн тэргүүлэх санаачилга. Монгол Улсын газар нутгийн 70 орчим хувь нь бэлчээрийн газар байдаг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 77.6 хувь нь газрын доройтлын шинжтэй, үүнээс 23 хувь нь нэн доройтсон ангилалд ордог. Тиймээс бэлчээрийн доройтол бол зөвхөн Монголын асуудал биш, дэлхий нийтийн асуудал. Бэлчээрийн экосистемийг хамгаалах, сэргээх асуудлыг олон улсын түвшинд гаргаж ирж буйгаараа онцлогтой.
Түүнчлэн байгаль орчинд хил хязгаар гэж байдаггүй. Монголын байгаль, Хятадын байгаль, Оросын байгаль гэж тусдаа ойлголт байхгүй. Нэг дэлхийн л экосистем.
Бэлчээрийн газар нутаг нь нүүрстөрөгч шингээдэг томоохон экосистемийн нэг. Гэтэл доройтол нэмэгдэх тусам нүүрсхүчлийн хий ихэсч, улмаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжих эрсдэлтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир:
Монголчууд бэлчээрийн мал аж ахуй, өв соёлоо хадгалж үлдсэн цөөн орны нэг. Бид Монгол улсад байгаа энэ бэлчээрийн газар нутаг, газрын доройтлыг дэлхий нийтийн анхааралд авчрах нь том зорилго. Ялангуяа буурай хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнуудын хувьд үүсээд байгаа газрын доройтол, цөлжилт, гантай холбоотой асуудлуудаар олон улсын төлөөллүүд нэгдсэн нэг шийдвэрт хүрэх нь маш чухал байгаа. Тиймээс энэ чиглэлээр олон улсад манлайлан ажиллах боломжтой гэж харж байна.
Хоёр дахь санаачилга нь Усны асуудал гэсэн. Мөн байгальд суурилсан шийдлийг санаачилж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Газрын доройтол, цөлжилт нь усгүйгээр яригдах боломжгүй асуудал. Тиймээс усны эх үүсвэр, гол мөрөн, нуур цөөрөм, усны бүрэлдэх эхийг хамгаалах асуудлыг онцгойлон хөндөнө.Үүний хүрээнд, усны эхийг нэмэгдүүлэх, усны урсгалын бүтцийг хамгаалах, усны нөөцийг тогтвортой ашиглах чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс бид “Тал хээрийн төлөвлөгөө”-нд “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга” дэвшүүлж байгаа.
Гурав дахь нь Байгальд суурилсан шийдэл буюу байгалийн өөрийнх нь нөөц боломжийг ашиглан асуудлыг шийдэх арга замууд юм. Нар, салхи, ус, бэлчээрийн экосистемд тулгуурласан тогтвортой хөгжлийн төслүүдийг олон улсын түвшинд санал болгож байгаа.
СОР17 хурлаас манай улс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Хамгийн гол нь газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татахыг зорьж байна. Хурлын үеэр оролцогч талууд хамтран ямар төслүүд хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгийг ярилцаж, хэлэлцээр хийснээр хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Бидний хамгийн том зорилго бол газрын доройтолтой холбоотой урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх явдал. СОР17 бол зөвхөн 12 хоног үргэлжлэх хурал биш. Харин үүнээс хойш хоёр жил, цаашлаад 10 жилийн хугацаанд үргэлжлэх томоохон өөрчлөлтийн эхлэл байх ёстой гэж харж байна.
Манай улс дараагийн СОР18 хурал хүртэл хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцыг даргалж ажиллахдаа юунд төвлөрч ажиллах вэ?
СОР17 хурлын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Хурал үргэлжлэх 12 хоногийн хугацаанд ойролцоогоор 8-10 мянган зочин, төлөөлөгчид ирж оролцоно гэж тооцоолж байна. Ялангуяа Наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд дээд түвшний уулзалтууд болох тул оролцогчдын ачаалал нэмэгдэнэ. Хурал цэнхэр бүс, ногоон бүс гэсэн хоёр үндсэн хэсэгтэй зохион байгуулагдана.
Цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцээр, Засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтууд болно. Харин ногоон бүс нь олон нийтэд нээлттэй байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, үзэсгэлэн, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
СОР17 хурал намар сургууль эхлэх дөхсөн, ачаалалтай өдрүүдэд болно. Иргэдэд хурлын талаарх мэдээллийг хэрхэн хүргэж ажиллаж байгаа вэ?
- Иргэдийн хувьд энэ хурлын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Иргэн бүр байгаль орчны асуудлын талаар ойлголттой байх хэрэгтэй. Дээр би хэлсэн байгаль орчинд хил хязгаар гэж байдаггүй, бид нэг л дэлхийтэй гэж. Тиймээс байгаль орчноо хамгаалах, хайрлах нь иргэн бүрийн үүрэг. Хүмүүсийн өдөр тутмын сонголт, хэрэглээ нь байгаль орчинд хэрхэн нөлөөлдгийг ойлгож, мэддэг байх шаардлагатай. Энэ чиглэлээр олон нийтэд зориулсан мэдээлэл, контентуудыг СОР17 зохион байгуулах Үндэсний хороо болон Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах дэд хорооноос бэлтгэн хүргэж байгаа.