Сурвалжлага2 мин унших
"Монгол менежерийн дүр төрх” судалгааны тайланг сонслоо

Бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж, олон улсын жишигт нийцсэн удирдлагын арга зүй, ур чадварын хэрэгцээ нэмэгдэж буй өнөө үед менежерийн чадавхыг бодитоор тодорхойлж, дэлхийн түвшний чиг хандлагатай уялдуулан үнэлэх шаардлага зүй ёсоор үүссэн.
Юнайтед Менежмент Консалтинг компани “Карьер хөгжлийн төв" болон "Сэтгэл Судлалын Үндэсний Төв” байгууллагуудтай хамтран 1033 Монгол менежерүүдийн сэтгэл зүйн тестийн үр дүнд тулгуурласан судалгааны тайланг бизнесийн байгууллагуудын гүйцэтгэх удирдлагууд болон хүний нөөцийн төлөөллүүдэд танилцуулах, хамтдаа хэлэлцэх арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү "EXECUTIVE SUMMIT 2026 - МОНГОЛ МЕНЕЖЕРИЙН ДҮР ТӨРХ” арга хэмжээнд 200 гаруй төлөөлөл оролцож, "МОНГОЛ МЕНЕЖЕРИЙН ДҮР ТӨРХ” судалгааны тайланг сонслоо.

Энэ судалгааг монгол менежерүүдийн чадавх, менежерийн нийтлэг онцлог шинж чанар, сэтгэлгээний болон ажиллах хэв маяг, 9 бүлгийн 59 зөөлөн ур чадварыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын аргачлалаар бодит датад тулгуурлан боловсруулжээ.

Юнайтед Менежмент Консалтинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Д.Ерөө: Энэ том төслийг долоон сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Ингэснээр монгол менежер хүн ямар зан чанартай юм. Давуу болон сул тал нь юу байна. Ажиллах сэтгэлгээ,менежерийн хэв маяг нь ямар түвшинд байна гэдгийг харлаа. Монгол менежерүүдийн хувьд потенциал сайн ч боломжоо бүрэн ашиглаж, ур чадвараа ашиглах тал дээр сул байгаа нь харагдлаа. Бид хэрхэн суралцаж, хөгжиж сул талаа давуу тал болгох талаар судалгааны үр дүнгээ хуваалцаж, ярилцахаар 200 гаруй компани төлөөлөл өнөөдөр уулзаж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Монгол менежерийн ерөнхий дүр төрх гэдэг энэ судалгаа маш сайн дата цуглуулсан. Бид дэлхийтэй харьцуулахад хаана яваагаа олж харах боломж нээгдэж байна. Үүнийг маш сайн ашиглаж, дараагийн стратеги төлөвлөгөөгөө гаргах ёстой. Монгол Улс Төв Азийн өрсөлдөгч 6 улсын нэг болчихсон. Гэтэл нөгөө 5 улс хөрөнгө оруулалт таталт, хөдөлмөрийн зах зээл, хүмүүсийнх нь хөдөлмөрч чанар, удирдлагын тасралтгүй хөгжлөөрөө бидний өмнө орчихсон. Бид ийм өрсөлдөөнд дахин ялагдахгүйн тулд хичээх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол Эрээн, Эрхүү хоёрын дунд үлдсэн дэд бүтэц, эрчим хүч, хүний нөөц чадвараараа хоцрогдсон бөглүү тосгоны нэг болчих гээд байна.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн судалгааны үр дүн танилцуулах биш дэлхийн түвшний удирдлагын чиг хандлага, шаардлагатай ур чадвар, менежерийн чадамжийн моделийг судалгааны үр дүнтэй харьцуулан, Монголын байгууллагуудад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд менежерийн ямар хандлага ур чадвар шаардлагатайг тодорхойлох, цаашдын хүний нөөцийн хөгжлийн бодлогын үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
