#Шилэн хууль4 мин унших

Төрийн болон орон нутгийн өмчит компани улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Төрийн болон орон нутгийн өмчит компани улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталсан.

Үүний нэг нь үрэлгэн зардал, нүсэр бүтэцтэй төрийн өмчит компаниудыг цэгцлэх, менежментийг нь сайжруулах, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг ужгирсан байдлыг халах Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль.

Хуулийн онцлох заалтыг тоймлон хүргэе. 

  • Төрийн өмчит компанийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгож үр ашгийг нэмэгдүүлэхийг зэрэгцээ “ард түмнийг хувьцаажуулах” баялагаасаа хүртэх боломжийг бүрдүүллээ. 
  • Тус хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, засаглалыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

Төрийн өмчит компанийг хуульд заасан 5 үндэслэлээр үүсгэн байгуулж болно: Үүнд: 1.хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжгүй, санхүүгийн үр ашиггүй нөхцөлд нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэх; 2.үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор төрийн нийтийн өмчид хамаарах байгалийн баялгийг ашиглах; 3.зүй ёсны монополь үйл ажиллагаа эрхлэх; 4.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, харилцаа холбоо, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг дэмжих, холбогдох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх; 5.хуульд тусгайлан заасан бол.

Төрийн өмчит компаниуд хуульд зааснаас бусад тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, төрийн болон орон нутгийн өмчийг зах зээлийн үнэ, нөхцөлөөс доогуур ашиглахгүй, зөвшөөрөл, эрх олгох болон төрийн худалдан авах ажиллагаанд давуу эрх эдлэхгүй, дампуурал, төлбөрийн чадваргүйдлийн нийтлэг журмаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийг үйл ажиллагааны зорилго, чиг үүргээс нь хамааруулан арилжааны, эсхүл нийтийн үйлчилгээний гэж ангилж, энэ талаар тухайн компанийн дүрэмд тусгана.

Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батлах бөгөөд ямар компаниудыг нээлттэй компани болгохыг энэ бодлогод тусгаж, хэрэгжүүлнэ.

Төрийн өмчит компани үүсгэн байгуулах хэрэгцээ, шаардлага буюу хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх гэсэн бодлоготой нийцэж байгаа эсэх, зах зээлийн эрэлт, хүлээлт, компаниас гаргах бараа, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийг борлуулах чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх байдлын талаарх зах зээлийн судалгаа, байршил, түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ, төр, эсхүл орон нутгаас оруулах хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг бүрэн хийж дуусах хугацаа, түүнийг нөхөх болон эргэлтийн эх үүсвэр бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд тавих шаардлага, бараа, ажил, үйлчилгээнд шаардагдах түүхий эд, эрчим хүч, ажиллах хүч болон бусад шаардлагатай хүчин зүйлийг хангах эх үүсвэр, чадамж зэргийг тогтоосон судалггаанд үндэслэж байгуулдаг болно.

  • Засгийн газар төрийн өмчит компанийн төрд ногдох хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд компанийн удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй алтан хувьцаа эзэмшихээр зааж болно. 
  • Төрийн болон орон нутгийн өмчийн компани, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан компани бусад этгээдэд өрийн баталгаа гаргахыг хориглоно
  • Арилжааны зорилго бүхий компанийн хувьд хуваарилж болох цэвэр ашгийн 30 хувиас доошгүй байх зарчмыг баримтална.

Төрийн болон орон нутгийн өмчит компани нь: 

Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасан ногдол ашгийн бодлоготой байна, түүнчлэн ногдол ашгийн бодлогод тухайн компанийн үйл ажиллагааны зорилго, хөрөнгө оруулалтын бүтэц, мөнгөн урсгалын онцлогоос хамааруулан -аудитлагдсан санхүүгийн тайланд туссан татвар төлсний дараах цэвэр ашгийн тодорхой хувиар; жил бүр хөрөнгө оруулагчид тогтвортой хуваарилахаар урьдчилан тогтоосон ногдол ашгийн зорилтот хэмжээ болон түүнд тооцох өсөлтийн хувиар; аудитлагдсан санхүүгийн тайланд туссан хувь нийлүүлсэн хөрөнгө, чөлөөт мөнгөн урсгал, хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг, эсхүл хүү, татварын өмнөх ашиг зэрэг санхүүгийн үзүүлэлтээр урьдчилан тогтоосон хувь хэмжээгээр; бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалж урьдчилан тооцоолоогүй орлого бий болсон тохиолдолд түүний урьдчилан тогтоосон тодорхой хувиар ногдол ашиг авах хэлбэрийн аль нэг, эсхүл хосолсон хэлбэрийг тусгаж хэрэгжүүлнэ.

Цэвэр ашигтай ажиллахыг хүлээхгүйгээр зарим төсөл хэрэгжүүлэгч компаниас ногдол ашиг боломж бүрдэж байна. 

  • Төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй бол хоёроос, 7 гишүүнтэй бол гурваас, 9 гишүүнтэй бол дөрвөөс доошгүй нь хараат бус гишүүн байна
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ур чадвартай ажилтныг тогтвортой ажиллуулах, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн ажилтнуудад опцион эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж болно.
  • Төрийн өмчийн компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 10 хувь хүртэл хэмжээний хөрөнгийг ногдол ашиг хуваарилахаас өмнө компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэх, технологийг шинэчлэх болон давагдашгүй хүчин зүйл, зах зээлийн гэнэтийн өөрчлөлт болон бусад урьдчилан таамаглах боломжгүй эрсдэлийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор компанийн нөөц сан байгуулж болно.

Төрийн болон орон нутгийн өмчит компани Шилэн дансны тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллээс гадна 14 багц мэдээллийг хуульд заасан хугацаанд, мөн тэдгээрт өөрчлөлт оруулсан тухай бүрд өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлдэг болно. Хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэ хууль нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, хариуцлага, бүтээмжийг шинэ шатанд гаргаж, төрийн өмчийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгох эрх зүйн чухал шинэчлэлийн эхлэл болно.

Сэтгүүлч Ц.Соёлмаа