
2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдаж, 278 хууль, тогтоол хэлэлцэн баталлаа. Энэ хаврын чуулганы онцлогийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Тоонд анхаарахаас илүүтэйгээр агуулгын хувьд ач холбогдолтой олон хууль батлагдлаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдлын тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Татварын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль зэрэг чухал хуулиудыг баталлаа. Мөн Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг иргэдийн амьдралд шууд нөлөөлөх эрх зүйн зохицуулалтуудыг шинэчилсэн. Нөгөө талаар, гол хуулиудыг дагалдан нэр томьёо, уялдаа холбоог хангах зорилгоор бусад олон хуульд өөрчлөлт оруулдаг. Энэ нь батлагдсан хуулийн тоог өндөр харагдуулах нэг шалтгаан болдог. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй.Хаврын чуулган ач холбогдолтой, үр дүнтэй чуулсан.
Олон жил яригдсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах тухай хуульд ямар гол зохицуулалт туссан бэ?
Бид асуудлаа аль хэдийнэ оношилчихсон мөртлөө түүнийг шийдвэрлэх бодит алхмуудыг нэлээд хожуу хийдэг. Үүний нэг нь төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчлэх асуудал юм. Энэ хуулийн анхны төслийг Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед, 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед өргөн барьсан. Дараа нь шинэ парламент бүрдсэнтэй холбоотойгоор хуулийн төсөл буцсан. Харин Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар уг төслийг дахин өргөн мэдүүлсэн. Мөн Ерөнхий сайд Н.Учрал төрийн өмчит компанийн засаглал, түүнийг тойрсон асуудлыг цэгцлэх шаардлагатай гэдэг байр суурийг тууштай илэрхийлж ирсэн. Энэ улс төрийн хүсэл зоригууд хууль батлагдахад ихээхэн дэмжлэг болсон.
Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчит компаниудад 60 орчим мянган хүн ажиллаж байна. Гэвч уул уурхайн салбарын "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Монгол" зэрэг цөөн хэдэн компанийг эс тооцвол ихэнх нь ашиггүй ажиллаж байгаа. Нөгөө талаар удирдлага, ажилтнууд нь өндөр цалин авдаг, улс төрийн томилгоо давамгайлдаг гэх шүүмжлэл байнга гардаг.
Иргэд энэ үр өгөөжийг хоёр хэлбэрээр хүртэх боломжтой. Нэгдүгээрт, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг төсвийн татварын бус орлогыг нэмэгдүүлж, тэр хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг олон нийтийн хэрэгцээнд зарцуулах боломжтой. Хоёрдугаарт, эдгээр компаниудыг олон нийтийн өмчид үе шаттайгаар шилжүүлж, иргэд хувьцаа эзэмшигч болж, ноогдол ашиг хүртэх боломжийг илүү тодорхой болгосон. Хуульд төрийн өмчит компанийг байгуулахаас эхлээд татан буулгах хүртэлх бүх үйл ажиллагаанд хяналт, ил тод байдал, олон нийтийн оролцоо, үр ашиг, төсвийн бодлоготой уялдах зарчмыг хуульчилсан. Мөн эдгээр компанийг тойрсон тайлан, мэдээллийг Улсын Их Хурал тогтмол хяналтдаа байлгана. Ингэснээр улс төрийн шууд шийдвэрээр компаниудад төмөр зам барих, тодорхой төслийг санхүүжүүлэх зэрэг үүрэг даалгавар өгдөг тогтолцоо үндсэндээ зогсоно. Цаашид компаниуд компанийн засаглалын зарчмаар ажиллах нөхцөл бүрдэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Монгол Улсын төсөв 33 их наяд төгрөг. Харин төрийн өмчит компаниудын хэмжээнд 24 орчим их наяд төгрөгийн хөрөнгө эргэлддэг бөгөөд үүний 16 орчим их наяд төгрөг нь урсгал зардалд зарцуулагддаг. Эдгээр компаниудын нийт цэвэр ашиг 5 орчим их наяд төгрөг байна.
Энд хамгийн чухал асуудал нь энэ үр өгөөжийг иргэдэд хэрхэн хүртээх вэ гэдэг юм. Хоёр дахь том асуудал бол төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани болгох бодлого. Иргэд болон мэргэжлийн хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмших, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн боломжийг энэ хууль нээж өгсөн. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компанийн талаар баримтлах бодлогыг Засгийн газар ирэх намар батлуулна. Ингэснээр ямар компаниудын хэдэн хувийг олон нийтийн өмчлөлд шилжүүлэх нь тодорхой болно.
Тодруулбал, ямар компанийн хувьцааг иргэд эзэмших боломжтой гэж та үзэж байна вэ?
Миний төсөөлж байгаагаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 20 орчим хувийг Монгол Улсын иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх боломж бүрдэнэ. Нэг зүйл тодруулахад, Засгийн газар "Оюу толгой" компаниас ноогдол ашиг авах боломж бүрдэнэ гэж ярьдаг. Гэтэл одоогийн хууль эрх зүйн орчинд тухайн компани цэвэр ашигтай ажиллаагүй тохиолдолд ноогдол ашиг хуваарилах боломжгүй байдаг. Харин сая батлагдсан хуулиар төрийн өмчийн оролцоотой компаниудад тодорхой нөхцөлд Special Dividend буюу тусгай ногдол ашиг олгох эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан.Ингэснээр иргэд үндэсний баялгийнхаа үр өгөөжийг хүртэх, баялгийнхаа эзэн байх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн нь энэ хуулийн хамгийн чухал шинэчлэл.
Ер нь төрийн өмчит компаниудын асуудал нь авлига, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглах, улс төрийн намын санхүүжилтийн зохисгүй тогтолцоо, төрийн томилгоо зэрэг олон асуудлын суурь шалтгаан болсоор ирсэн. Үүнийг цэгцэлж чадвал Монгол Улсад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ийм учраас би энэ хуулийн ажлын дэд хэсгийг ахалж, хаврын чуулганы турш бүх асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэж, батлуулахын төлөө ажилласан. Цаашид хамгийн чухал нь хуулийн хэрэгжилт байх бөгөөд шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг тухай бүрд нь хийж ажиллана.
Үүнээс гадна таны өргөн мэдүүлсэн ААНОАТ-ын тухай хууль болон ажлын хэсэгт ажилласан хэд хэдэн чухал хууль батлагдлаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь Татварын багц хуультай хамт батлагдсан. Ингэснээр олимпын төрлийн спортоос гадна Азийн наадмын хөтөлбөрт багтдаг 11 спортын төрлийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн боломж бүрдлээ. Үүнд и-спорт мөн багтаж байгаа.Энэ хуулиар аж ахуйн нэгжүүд татварынхаа тодорхой хувийг спортын салбарт зарцуулах боломжтой чиглэлүүдийг өргөжүүлсэн нь чухал шинэчлэл болсон. Үүнээс гадна ажлын хэсэгт ажилласан Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг онцолж болно. Эдгээр хууль нь хүүхдийн эрх ашгийг НЭГДҮГЭЭРТ эрэмбэлж, бусад асуудлыг дараа нь шийдвэрлэх зарчмыг тусгаснаараа онцлог бөгөөд ач холбогдолтой болсон.
"Тавьсан төсвийг таргалуулахад Тендерийн хууль нөлөөлдөг"
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу "Тендерийн хууль" гэж онцолж буй энэ хуулийг өргөн мэдүүлэх болсон гол шалтгаан юу байв?
Нэгдүгээрт, өнөөгийн тендерийн тогтолцоо төсвийн бодлогыг бараг зургаахан сарын настай болгож байна. Иргэдэд хэрэгтэй олон төсөл, хөтөлбөр тендерээс шалтгаалан хэрэгжихгүй удааширч, он дамждаг. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсвийг "таргалуулах" нөхцөлийг тендерийн тогтолцоо өөрөө бий болгож байна. Компаниуд хамгийн бага үнийн санал өгч тендерт шалгардаг ч ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэггүй, чанаргүй хийдэг. Улмаар төсөл хоёр, гурван жилээр сунжирч, төсвийг дахин магадлуулан нэмэгдүүлдэг байдал бараг тогтсон үзэгдэл болсон.
Хоёрдугаарт, хувийн хэвшил хоорондоо шантааж хийх нөхцөл тендерийн тогтолцоонд бий болсон. Тендерт ялагдсан компаниуд гомдол гаргаж, шалгарсан компанийн ажлыг удаашруулах, улмаар шан харамж нэхэх зэрэг үйлдэл практикт түгээмэл болсон. Энэ нь бизнесийн хэвийн орчныг алдагдуулж, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж байна. Иймээс энэ тогтолцоог засаж, сайжруулах шаардлагатай гэж үзсэн.
Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулагчдыг хамгаалах ямар зохицуулалт орсон бэ?
Энэ хуулийн гол зорилго нь дотоодын үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалж, төрийн худалдан авах ажиллагаанд шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа.Тухайлбал, тендерийн үнийн дүнг илүү тодорхой болгож, ямар үнийн дүнтэй тендерт Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээдүүд оролцох боломжтойг тендерийн баримт бичигт тодорхой тусгадаг болно.
Одоогийн тогтолцоонд аж ахуйн нэгжүүд тендерийн баталгаанд зориулж банканд их хэмжээний мөнгө байршуулдаг нь тэдний санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.Үүнийг уян хатнаар зохицуулна.Мөн аймаг, сумандаа хүнсний ногоо тариалж, мал аж ахуй эрхэлж, ферм ажиллуулдаг иргэд ядаж сургуулийн хоол үйлдвэрлэлийн тендерт оролцох боломжтой байх ёстой. Иймээс уг хуулиар орон нутгийн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, орон нутгийн бизнесийг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан.Иргэд, аж ахуйн нэгжүүд бараа, ажил, үйлчилгээгээ цахим дэлгүүрт байршуулж, төр шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ил тод шалгуураар сонгон худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.
Түүнчлэн үндэсний аюулгүй байдал болон зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад төрийн байгууллагууд компьютер, принтер зэрэг техник, тоног төхөөрөмжийг худалдан авах биш, түрээсийн хэлбэрээр ашиглах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр төрийн зардлыг бодитоор бууруулах боломжтой. Энэ хуулийн төслийг ирэх намрын ээлжит чуулганаар батлуулахаар зорин ажиллаж байна.
Орон сууцны залилангаас иргэдийг хамгаалах зорилготой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн гол зохицуулалтыг танилцуулна уу?
-Орон сууцтай болох гэсэн иргэдийн анхдагч хэрэгцээг далимдуулсан залилангийн гэмт хэрэг олноор гарч, иргэд их хэмжээний хохирол амсаж байна. Энэ төрлийн залилан нь үнийн дүн өндөр, хохирол ихтэй байдаг учраас ийм төрлийн эрсдэлийг цаашид гаргахгүй байх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Өнөөдрийн байдлаар 3600 гаруй иргэнд 204 тэрбум төгрөгийн орон сууц захиалгын хохирол учраад байна.
Энэхүү хуулийн төслийг дагалдуулан арав гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Ингэснээр иргэд орон сууцны захиалгын гэрээ байгуулахын өмнө тухайн байр өмнө нь захиалагдсан эсэхийг албан ёсоор шалгах боломжтой болно. Үүнтэй холбоотой мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгож байгаа. Мөн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох үед албан ёсны хаяг олгодог зохицуулалтыг тусгасан.
Түүнчлэн энэ хаврын чуулганы үеэр төрийн албан хаагч, тэр дундаа улс төрийн албан хаагчид төлбөртэй мэдээллийг олон нийтэд түгээх үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт бүхий Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, мөн төр, үндэсний өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлэх зорилготой Баяр наадмын тухай хуулийн төсөл зэрэг агуулга, ач холбогдлын хувьд чухал хэд хэдэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Та парламентын хууль тогтоох болон хяналтын чиг үүрэгт идэвхтэй ажиллаж ирсэн. Харин сонгогдсон тойрогтоо хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Манай Сонгинохайрхан дүүрэг 460 гаруй мянган хүн амтай, том тойрог. Иргэдтэйгээ тогтмол уулзаж, санал хүсэлтийг нь сонсохыг хичээж байна. Мөн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тогтмол мэдээлэл хүргэж, мессенжерээр ирсэн санал, хүсэлтэд тухай бүр нь хариу өгч ажилладаг. Гэвч УИХ-ын гишүүн бүх асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс иргэдээс ирсэн асуудлыг нийслэл, холбогдох яам, байгууллагуудад уламжилж, хамтран шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлэн ажилладаг.
Миний хувьд УИХ-ын гишүүн бодлогын түвшинд нийтлэг эрх ашгийг төлөөлөн ажиллах ёстой гэсэн зарчим баримталдаг. Хэрэв гишүүд аж ахуйн шинжтэй асуудал бүрт оролцоод байвал сайд, Засаг даргын чиг үүргийг давхар гүйцэтгэж байгаа хэрэг болно. Тиймээс эрх мэдэл, үүрэг хариуцлагаа зөв хуваарилж ажиллах нь хамгийн чухал. Сонгинохайрханы утаа, Баянзүрхийн утаа гэж байхгүй. Энэ бол нийслэлийн асуудал. Тиймээс Улаанбаатар хотыг бүхэлд нь харж, утаа, түгжрэл, инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийг дэмжин ажиллаж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Мөн нийслэлийн удирдлагуудтай хамтран Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын дундах авто замуудыг өргөтгөх асуудлыг нийслэлийн төсвөөр шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран боломжит шийдлүүдийг эрэлхийлж байна. Дүүргийнхээ хүүхэд, залуучуудад зориулсан спортын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байгаа.
Би Монголын Бейсбол, софтболын холбооны Үндэсний ерөнхийлөгчөөр ажилладаг. Монгол Улс 2027 онд Азийн тийболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ авсан. Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэгт зориулалтын тийбол, бейсболын талбай байгуулах ажлыг эхлүүлсэн. Тийбол, бейсбол нь хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна хүмүүжил, сахилга бат, бусдыг хүндэтгэх хандлага, багаар ажиллах чадварыг төлөвшүүлдэг спорт. Монгол хүүхдүүд энэ төрөлд өндөр амжилт гаргах бүрэн боломжтой. Цаашид Япон, БНСУ зэрэг улсын их, дээд сургуулиудад спортын тэтгэлгээр суралцах боломж ч нэмэгдэнэ. Иймээс үндэсний шигшээ багийн ирээдүйн тамирчдыг Сонгинохайрхан дүүргээс түлхүү бэлтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.