Ахмадын эрх ашиг3 мин унших
Л.Энх-Амгалан: Азай буурлууддаа баярын мэнд дэвшүүлье...

Хүн бүрийн тойрч биш дайрч гардаг тэр л мөчлөг нэг мэдэхэд ирж, үсэнд буурал сууж, үр ачын тоо өсөж, цаг хугацаа гээч ямар хурдан юм бэ гэдгийг ухаардаг. Ахмад үе бол бидний ирээдүйн нэг хэсэг. Тиймээс ирээдүйд зориулан батлах хууль, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төлөвлөхдөө Ахмадуудаа орхигдуулалгүй авч явах ёстой юм.
Улам л хүүхэд шиг болж, төр засаг, нийгэм, гэр бүлээсээ анхаарал халамж шаарддаг. Баярлаж гомдох нь амархан, итгэмтгий цайлган, хийнэ гэснээ л хийнэ, ямар нэгэн зүйл сэтгэлд нь таарахгүй байвал дуугаа хураачихна.
Ямар ч асуудлыг хуримтлуулсан мэдлэг, туршлага, амьдралдаа мөрдөж ирсэн зан чанарынхаа мэдрэмжээр шийддэг. Тэднийг гэртээ сууж, хүүхэд харах ёстой хүн, тэтгэврийн хэдэн төгрөгийг нь бага багаар нэмчихэд асуудал шийдчих юм шиг өрөөсгөл ойлголтоор олон жил явж ирсэн.
Би хамгийн сүүлд батлагдсан "Ахмад настныг дэмжих тухай" хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн анхны сайд байсан. Ахмадуудад чиглэсэн хууль, журам аль нь амьдралд бодитой хэрэгждэг, аль нь хэрэгждэггүй. Ямар журам дүрэм нь хүнд сурталтай байдаг гээд бүгдийг нь судалж, тогтолцоогоор нь шинжилж хүлээлгэж өгсөн.Олон давхарт тэтгэврийн тогтолцоо буюу тэтгэвэрт гараад олон эх үүсвэрээс амьдралдаа хүрэлцэхүйц тэтгэвэр авдаг тогтолцоог бий болгох суурь тэтгэвэр,төлсөн даатгалд суурилсан тэтгэвэр,сайн дураар хуримтлуулсан тэтгэврийн тогтолцооны хуулийг бэлэн болгож,ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо 11 сарын 1 нээс ахмадууд маань ажилласан жил, төлсөн шимтгэлд суурилсан суурь тэтгэврийн тогтолцоонд шилжинэ.
Ахмадууд маань хүнсээр биш хүнээр дутдаг гэж хэлдэг.Энэ үнэн үг.Ахмадууд маань бие биетэйгээ уулздаг,хамт хөгждөг,хамт хөгжилтэй цагийг өнгөрөөдөг тийм орчин хэрэгтэй.Иймд өнгөрсөн хугацаанд өөрийн сонгогдсон тойрог Хөвсгөл аймгийнхаа бүх суманд ахмадын өргөө барьж,ахмадуудаа хүлээлгэж өгсөн.Ийм өргөө Монгол улсын сум,дүүрэг,хороо бүхэнд байх ёстой.
Ахмад настны тухай хуулинд ахмадуудад тохиолддог бэрхшээлийг багасгах, арилгах, шинээр олон сайн заалтууд орж өгсөн. Гэтэл зориулж гаргасан хуулийг эзэд нь мэддэггүй. Хуулиа зөв талаас нь ойлгуулж таниулж чаддаггүй. Тэгээд л загнуулна даа. Үг сонсох сайхан. Би ахмадуудад загнуулаад ерөөсөө ч эмзэглэдэггүй. Баярладаг хүн.
Төрийн одон бүү хэл салбарын шагналаа ч авч амжаагүй ахмадууд олон байдаг. Улс орондоо хийсэн юмтай, хэлэх үгтэй ахмадуудаа боломж олдвол шагнаж баярлуулж байх учиртай. Төрийн одон бол улстөрийн үзэмжээр биш үнэнч шударгаар ажилласан ахмадуудын энгэрт гялалзаж байх ёстой. 70 наснаас дээш ахмадууддаа төрийн хишгийг хүртээх ёстой юм.
Миний аав аймгийн Ахмадын зөвлөлийн даргаар олон жил ажилласан хүн байлаа. Түүх мэдэх хүн ховордох бүрт өдгөө амьд сэрүүн аавынхаа найзуудаас ихийг сонсож, тэмдэглэж авах хүсэл их байдаг ч ажлын шаардлагаас болоод амжихгүй юм. Сувилагч ээжийн минь шавь нар өнөөдөр бас л ахмадын тоонд ороод, аймгийнхаа эрүүл мэндийн салбарт зааж зураад, чадах бүхнээ хийгээд явж байдагт маш их баярладаг.
Ахмадуудынхаа хийе гэсэн ажлаа сэтгэлээсээ хийдэг, эхлүүлсэн ажлаа чанартай дуусгадаг, аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах бус асуудлын уг үндэсийг тогтоож ханддаг чанараас суралцах, тусгах юм их байна.
Ахмадууд эрүүл энх байвал хойч үед маань буян заяа тогтоно. Ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан
