Ахмадын эрх ашиг1 мин унших
“Олон улсын ахмадын өдөр”-ийн мэнд хүргэе!

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн насны хөдөлмөрөө зориулсан эрхэм ахмадууд та бүхэндээ “Олон улсын ахмадын өдөр”-ийн мэнд хүргэе!
Та бүхний бүтээсэн үйлс, үлдээсэн туршлага, эх оронч үзэл нь өнөөдрийн батлан хамгаалах салбарын үнэт суурь билээ. Залуу үе та бүхнээс суралцаж, салбарын залгамж халаа энэ өв дээр тогтож байна.
Бид ахмадуудынхаа гавьяа зүтгэлийг хүндэтгэхийн зэрэгцээ эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд нь бодит дэмжлэг үзүүлэхийг чухалчилж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн нэг жилд байнгын асаргаанд байгаа 40 гаруй ахмад настан тус бүрд 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Мөн салбарын ахмадуудыг Цэргийн төв эмнэлэгт сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагт үнэ төлбөргүй, дараалал харгалзахгүй үйлчлэх зэргээр хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.
Цаашид ч энэ салбарт залуу халуун насаа зориулсан ахмадуудынхаа амьдралын чанар, эрүүл мэндэд анхаарч, зорилтот төслүүдийг дэмжиж ажиллана.
Эрхэм ахмадууд та бүхэндээ эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахыг ерөөе!
Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут
