УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
ӨБХ: Иргэд оршуулгын тухай хууль батлахыг хүсэж байна

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2026.10.01/-ийн хуралдааны эхэнд Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төслийг санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцэв.
Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль өнөөдрийг хүртэл байхгүй бөгөөд зөвхөн салангид хууль, дүрэм, журамд тулгуурлан зохицуулж байна. Үүний улмаас оршуулгын газрын байршил, газар ашиглалт, байгаль орчны хамгаалалт, нийтийн эрүүл ахуй, шарил чандарлах болон газарт оршуулах үйл ажиллагаа, оршуулгын газрын менежмент, хуучин оршуулгын газрыг цэгцлэх зэрэг асуудалд эрх зүйн тодорхой зохицуулалт дутагдаж байна. Иймд оршуулгын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, стандарттай болгож, иргэдийн эрхийг хамгаалах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах, байгаль орчин, соёлын өв, шашин шүтэх эрхийг тэнцвэртэй хангах зорилгоор "Оршуулгын тухай хууль" боловсруулж батлахыг иргэд хүсчээ.
Улсын хэмжээнд жилд дунджаар 19 мянга гаруй нас баралт бүртгэгддэг бөгөөд Улаанбаатар, Төв аймгийн газар нутагт 32 оршуулгын газар байршиж байна.
Тэдгээрээс 5 оршуулгын газар нь 128 га талбайд зөвшөөрөлгүй байгааг Нийслэлийн ЗАА-аас мэдээллээ. Мөн буяны зан үйл эрхэлдэг бүртгэлтэй 60 гаруй ААН-ээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллага байгаа аж. Оршуулгын ёслолын зардал өнөөдөр хэтэрхий өндөр өртөгтэй буюу дундаж зардал 6,8 сая төгрөг байгаа нь иргэдийн бодит орлоготой уялдахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Чимээгүй хот хуультай болох ёстой гэдгийг гишүүдийн зүгээс онцлоод оршуулгын газрын улсын бүртгэлийг бий болгох, газрын харилцааг зохицуулж өгөх, зарим гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд саналуудыг тусгах зэрэг асуудлыг хөндөв. Байнгын хорооны гишүүд уг асуудлаар УИХ-ын даргад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах санал гаргаж, хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж байгаа дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийн хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа тул төсөвт тодотгол хийж байгаа гэв. Ингэхдээ иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг хамгаалах төдийгүй төр хэмнэлтийг өөрөөсөө эхэлж, урсгал зардлаас нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцжээ.




