2 мин унших
Төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр мөнгө туссан ч задаргаа нь ойлгомжгүй байна

Төсөвт “тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, тэгш хамруулах нөхцөл бүрдүүлэх”, “цахим анги”, “тоног төхөөрөмж” гэх мэтээр тэрбум тэрбумаар багц дүн тусдаг. Гэтэл тэр мөнгө яг хэдэн сургуульд, ямар хэрэгцээнд, ямар тоног төхөөрөмжид, хэдэн хүүхдэд хүрэх вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг хэд хэдэн удаа асууж байж авч байна.
Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр 2026 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжид 490 сая төгрөг төлөвлөсөн бөгөөд 2027 онд 500 сая төгрөг төлөвлөжээ. Мөн тусгай зориулалтын автобус худалдан авахад 260 сая төгрөг, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилгад 5.3 тэрбум төгрөг тусгасан талаар мэдээллээ.
Боловсролын яамны 2026 оны хагас жилийн тайланд ч хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирох хэрэглэгдэхүүн нийлүүлэхэд 500 сая төгрөгийн зорилт тусгасан байна.
Мөн улсын хэмжээнд 7,200 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай болон ердийн сургуульд суралцаж, 400 гаруй сургуульд хүүхдийн хөгжлийг дэмжих, тэгш хамруулах танхим байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх, тохируулгат орчныг бүрдүүлэх нь салбарын бодлогын зорилт хэвээр байна.
Гэхдээ төсөв батлах үед зөвхөн “500 сая”, “2 тэрбум”, “10 тэрбум” гэсэн багц дүн харахаас илүү "юунд, хаана, хэдэн хүүхдэд, ямар үр дүн гаргах вэ" гэдэг задаргаа хамт байх ёстой.
Төсөв батлагдсаны дараа задаргааг гаргадаг биш, УИХ төсвийг батлахаасаа өмнө юунд мөнгө өгч байгаагаа бүрэн харах боломжтой байх нь төсвийн ил тод байдал, хяналтын үндсэн нөхцөл гэж үзэж байна.
Хүний хөгжил, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас.
