Улсын нэгдсэн төсөв10 мин унших
Б.Мөнхсоёл: Монгол Улс популист бодлогыг даах тэнхэлгүй болсон

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй манай эдийн засаг хүндэрч байна. Улс орны төсвийн бодлого хэлэлцэж байгаа энэ цаг үед бид эдийн засгийн бодлогоо хэрхэн харах ёстой вэ?
-Төсөв гэдэг бол ард түмний мөнгө. Таны, миний, хувь хүний орлогын албан татвар зэрэг олон төрлийн татвараас бүрддэг. Мөн бизнес хийж байгаа бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, уул уурхайн салбарт байгалийн баялаг олборлож байгаа компаниуд бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, эцсийн хэрэглэгчид бүгд НӨАТ, онцгой албан татвар гээд олон төрлийн татвараар төсвийн орлого бүрддэг. Иргэдийн хувьд төрөөс татварын ачааллыг бууруулчихвал бизнесээ өндийлгөж, илүү олон хүнийг ажлын байраар хангаж, эдийн засаг, нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломж олгохыг шаарддаг.
Гэтэл нөгөө талд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж, төсвөөс санхүүждэг олон байгууллагын зардал бий. Энэ зардал өсөхөөр татвар төлөгчдийн зардлыг өсгөх, эсвэл татварын төрөл зүйлийг нэмдэг. Энэ хоёр хоёулаа чухал. Гэхдээ төсвийн орлого зарлагын тэнцвэрийг олохын тулд шийдвэр гаргагч бидний тархи, ухаан ажиллаж байх ёстой. Гэтэл энэ олон хүчин зүйл, хувьсагчтай асуудал дээр ахмадаа төлөөлж гарч ирсэн гишүүн тэтгэвэр л нэм гэдэг. Эсвэл сонгогчдын олонх нь төрийн албан хаагч учир тэдэнд таалагдах гэж төрийн албан хаагч нарын цалинг нэм гэж ярьдаг. Нөгөө талд таны миний ах дүү, садан төрөл, найз нөхөд, ард түмэн бизнес хийх гээд “чардайгаад” байна шүү дээ. Миний хувьд эдийн засагч, төсвийн шинжээч хүний хувьд бүгдийг нь бодож зөв, оновчтой шийдвэр гаргахын төлөө ажиллаж байна.Бусдын төлөө ажиллана гээд шийдвэр гаргах түвшинд гарсан юм бол хэсэг бүлэг хүнд таалагдахын төлөө, эсвэл зөвхөн өөрөө дахин сонгогдохын төлөө шийдвэр гаргамааргүй байна. Энэ улс орны хувь заяа хаашаа явж байна вэ. Эдийн засаг гэдэг яагаад чухал юм бэ гэдгийг хармаар байна. Эдийн засгийн гол тоглогчид нь бизнесийнхэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийнхэн гээд бүгд орно. Энэ дээр асар ухаан зарж, шинжилгээ тооцоо хийж, аль аль талдаа хохиролгүй, хожоотой шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр тооцоо судалгаа чухал. Тиймээс дуу хоолойгоо маш их хүргэдэг. Иймээс төсвийн сахилга бат чухал гэж ярьдаг. Бидэнд байгаа нөөц буюу татвар төлөгчдийн мөнгө хязгаартай. Нөгөө талдаа хэрэгцээ хязгааргүй.
-Макро эдийн засгийн үзүүлэлтээс иргэд юуг голлон анхаарч харах шаардлагатай вэ?
-Макро эдийн засаг дотроо бодит худалдан авах чадварыг би байнга ярьж байгаа. Тэр дундаа бодит цалингийн өсөлт маш чухал. Нэрлэсэн цалин өндөр байж болно. Магадгүй өчигдөр нэг сая төгрөгийн орлоготой байсан бол өсөөд 1.5 сая төгрөг боллоо гэж бодъё. Гэтэл инфляци, ханшийн өсөлтөд уягдаад өссөн дүнгээр яг тэр бараа бүтээгдэхүүнээ аваад, өөр бараа таваар авч чадаж байна уу үгүй юу гэдэг харьцааг хар гэж иргэддээ хэлдэг. Орлого зарлагын харьцаа өссөн үү, бодит худалдан авах чадвар өссөн үү гэдэг маш чухал. Мөн инфляци, худалдан авах чадвар, Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү, эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн, түүнтэй харьцуулсан төсвийн орлого, зарлага нь хэд вэ гэдгийг харах хэрэгтэй байдаг шүү. Мэдээж татварын хувь хэмжээнүүдийг харах хэрэгтэй. Зах зээл дээр шударга бус өрсөлдөөн үүсгэж байгаа бол халах хэрэгтэй. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа төсвийн шинжтэй бодлогуудад анхааралтай хандах ёстой. Зах зээл дээр шударга бус өрсөлдөөн үүсгэж байгаа бол халах хэрэгтэй. Мөн Засгийн газар бодлогын хэрэгжилтийнхээ үр дүнг тооцдог байх ёстой. Шинэ нэр өгөөд төсвөөс гадуур, зах зээлийг сарниулж, бусниулсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх шаардлагатай юу гэдгийг тооцох ёстой юм.
-Та Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон судалгааны ажлын талаар дурдсан. Тэгвэл УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн захиалгаар 2019–2020 онд төсвийн сахилга батыг бий болгохын тулд төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах судалгааг англи хэл дээр хийж байсан. Улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн таван дүрмийг сахиулахад тогтвортой байдлын зөвлөл чухал гэдэг судалгааг гаргаж байв. Гэтэл бодит байдал дээр хуулиа мөрдөхгүйгээр төсвийнхөө сахилга батыг алдаж байгаа нь харамсалтай. Тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, тогтвортой байдлын хуулийн дүрмүүдээ зөрчиж байна. Дүрмээ зөрччихсөн учир 22 удаа өөрчилчихсөн байна. Гэхдээ хууль мөрдөхгүй бол хууль байх хэрэг байна уу гэдэг асуулт руу орж байгаа нь буруу. Бид аливаа хууль эрх зүйн орчноо мөрдөж, дагаж сурах хэрэгтэй. Хууль тогтоогчид сахилга баттай, өндөр хариуцлагатай байх шаардлагатай. Маш өндөр хариуцлагатай байж сурах нь зөв. Энэнээс бүх юм эхэлнэ шүү дээ. Энэ утгаараа би макро эдийн засгийн асуудлаа цогцоор нь ярья гэдгийг байнгын хороо, чуулганы хуралдаанд байнга хэлдэг. Жишээ нь, УИХ-д НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас таван хувь болгохоор шийдсэн боловч төсвийн орлого дутах нь, цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрлээ гээд цуцалчихсан. Энэ бүхнээс харвал Монгол Улс популист бодлогыг даах тэнхэлгүй болсон гэж үздэг. Тиймээс энэ НӨАТ-ыг цуцалсан шийдвэрээ эргэж харж, засах ёстой. Макро эдийн засгаа цогцоор харах буюу өөрөөр хэлбэл, НӨАТ-өө ч шийдье, цалин тэтгэврээ ч шийдье гэсэн үг.
-Эдгээр өдрүүдэд дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна. Жендерийн тэгш байдлын талаар дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг хүний хувьд чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Эрэгтэй, эмэгтэй гэдгээс үл хамааран чадал чансаа, мэдлэг, туршлагатай, бусдын төлөө гэсэн хүсэл зоригтой хүмүүс л улс төрд орох нь асар чухал. Чадваргүй эрэгтэй юм уу, эмэгтэй хүн хүйсээрээ давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс дэлхийн эмэгтэй парламентчид Монголд цуглаж байгаа нь энэ асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэдгээс илүүтэй парламентын чанар, төлөөллийн түвшинд ярилцах боломж бүрдэж байгаагаараа өндөр ач холбогдолтой.Тус чуулганы эхний салбар хуралдаан болох Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хуралдааны модератор хийх урилгыг хүлээж авсан. Гэвч яг энэ өдрүүдэд Бангкок хотноо ОУВС, Дэлхийн Банкны группын жил бүр зохион байгуулдаг уулзалт болж байна. Энэ үеэр буюу аравдугаар сарын 12, 13-нд дэлхийн 150 орчим орны парламентын гишүүд цуглах Дэлхийн Парламентчдын форум зохион байгуулагдаж байгаа юм. Форумаар санхүүгийн зах зээлд учирч буй эрсдэлүүдийг тодорхойлдог “Global Risk” тайлангийн талаар хэлэлцэнэ. Намайг энэ чуулганд бас илтгэгч панелист хийхийг урьсан байгаа. Энэхүү урилгыг өмнө нь хариуцлагатайгаар хүлээн авчихсан тул Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож чадахааргүй болсон. Хэдий тийм боловч олон жил шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад идэвхтэй ажиллаж, намынхаа эмэгтэйчүүдээс манлайлж мөс хагалсан хүний хувьд дуу хоолойгоо хүргэхэд үргэлж таатай байдаг.
-Энэ хурлаар яг ямар асуудлууд хөндөгдөх вэ гэдэгт та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Зөвхөн Монгол Улс гэхгүйгээр дэлхий нийтийн парламентын эмэгтэй гишүүд сүлжээ үүсгэх, харилцан мэдлэг мэдээлэл, туршлага, санаа оноогоо хуваалцах юм. Мөн шийдвэр гаргахад бодит нөлөөллөө бий болгох, хууль санаачлах ажлын бүтээмж, цаашид сайжруулахад анхаарах шаардлагатай зүйлийн талаар ярилцана. Эмэгтэй болон залуу гишүүд шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэхэд иргэний нийгмийн болон бизнесийн байгууллага тухайн улс орны салбар бүрийн дэмжлэг хамтын ажиллагааны талаар хөндөгдөх юм билээ.
-Парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Эдгээр гишүүний нэг нь болж ажиллаж байгаа хүний хувьд жендерийн хэвшмэл ойлголтуудын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Жендерийн хэвшмэл ойлголтыг бид өмнөх онуудад нэлээн ярьсан. 2024 оны сонгуулийн тогтолцоог холимог болгох үйл явц орон даяар өрнөж, залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх асуудал хөндөгдөхөд квотын асуудал яригдсан, тийм үү. Жендерийн хувьд нэр дэвшигчдийн квот 30 хувиас доошгүй байх заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан нь дэвшилтэт өөрчлөлт болсон. Ирээдүйд олон жилийн дараа хэт олон эмэгтэй парламентад зонхилоод ирвэл, эрчүүдэд ч үйлчлэх заалт шүү. Эмэгтэй хүн гэртээ сайн эзэгтэй, сайн ээж л байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Эсвэл эмэгтэйчүүд улс төрийн нарийн зүйлүүдийг мэдэхгүй гэх зэргээр яригддаг. Санхүү мөнгөний бэрхшээлүүд байна. Сонгууль гэдэг өөрөө өндөр зардалтай. Үүнийг шүүмжлээд, хууль эрх зүйн орчинд сонгуулийн зардлыг бууруулах санаачилгууд гарсан хэдий ч зардал буурах нь бүү хэл харин ч өссөөр байна. Энэ мэт асуудлууд, олон саад бэрхшээл, хэвшмэл ойлголт бий. Эдгээрээс гадна чанарт анхаарах цаг болсон гэж боддог. Угтаа бол эмэгтэй, эрэгтэй хэн байх нь чухал биш. Тэгш боломж алдагдсан учраас хүйсийн асуудал хөндөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгө, хуйвалдаанаас болж улс төрд орж чадахгүй байгаа чадвартай эмэгтэйчүүдэд квот боломж олгож байгаа хэрэг.
-Уг нь хүн бүр чадлаараа өрсөлдөх орчин байх ёстой гэдэг зөв л дөө...?
-Гэтэл бодит байдал дээр яг чадалтай эмэгтэй санхүү мөнгөний саад бэрхшээлээс, эсвэл хуйвалдаанд хутгалддаггүй учраас улс төрд орж чадахгүй байна гэдэг харамсалтай.Эсрэгээрээ, адилхан чадалтай эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь хуйвалдаан, шударга бус, нөгөө хэсэг эмэгтэйчүүдээсээ илүү боломж эдлээд байвал энд хүйс байтугай хүний чанарын асуудал яригдаж байгаа биз. Тэгэхээр квотын чанар бол маш чухал. Тухайн хүний ёс суртахуун, ёс зүйгээс гадна улс төрд ямар зам туулж, хэрхэн УИХ-ын гишүүн болсон нь хүртэл чухал. Энэ асуудал дээр иргэд, сонгогчид цаг хугацаа өнгөрөх тусам гярхай, хурц хараатай болж, хэрсүү болох болов уу гэж найдаж байна.
-Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гаргах үндэслэлийг хэрхэн тодорхойлох вэ?
-Ер нь зөвхөн улс төрд эмэгтэй хүмүүсийг хүсээд байгаа юм биш. Зөвхөн энэ өнцгөөр харвал өрөөсгөл болно. Салбар бүрд эмэгтэй сайн лидерүүд ажиллаж байна. Эмэгтэй хүмүүс ихээр оролцохоор асуудалд илүү мэдрэмжтэй хандаж, ойлгож, санал дэвшүүлнэ.Эмэгтэйчүүд нийт хүн амын 51 хувийг эзэлдэг. Нөлөөлөл нь их байгаа учир эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байгаа. Энэ бүгд зөвхөн Монголд яригддаг асуудал биш. Тэр ч утгаараа Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулж, жаргал зовлонгоо хуваалцаж, дуу хоолойгоо хүргэх гэж байгаа нь их чухал. ОУВС-гийн захирал асан, одоо Европын холбооны Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард бол хүйс биш чадвар мэдлэгээрээ гарч ирж болдгийн тод жишээ. Дэлхий дахинд эрэгтэй хүйс хэт давамгайлаад байгаа учир эмэгтэйчүүд орхигдлоо гэж хэлээд байгаа юм. Үнэхээр тэнцвэртэй болчихвол хүйс ярих шаардлага байхгүй. Тэгш боломж гэж ойлгох хэрэгтэй. Ковидын үеэр эмэгтэй Ерөнхий сайдтай байсан улсууд яаж зөв оновчтой шийдвэр гаргалаа гээд сайн жишээ олон байгаа. Корпорацийн түвшинд ч эмэгтэй захиралтай байгууллагууд авлигаас хол, бизнесийнхээ төлөө, ажилчдынхаа талд шийдвэр гаргадаг гэх мэт олон жишээ байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
-Энэ парламент бүрэн эрхийн хугацааны талаас илүүг нь өнгөрүүлээд байна. Таны хувьд ч энэ хугацаанд чамгүй олон ажил амжуулсан байх. Хууль тогтоогчийнхоо хувьд хэрхэн ажилласан гэж бодож байна вэ?
-Сангийн яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл анх санаачилахад хөрөнгө оруулалтыг тусдаа хуулиар зохицуулдаг байя гэдэг саналыг хэлж байсан. Хэдийгээр 16 шалгуур үзүүлэлт гаргаад, хөрөнгө оруулалтыг эрэмбэлдэг болсон ч гишүүд Төсвийн хууль, тодотголтой богино хугацаанд танилцаж, мэдээлэл авч чадахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалтын төслүүдийг хөрөнгө оруулалтын хэмжээгээр, цар хүрээгээр нь ангилдаг болъё, хэмжээнээс шалтгаалж, өөр өөр бодит шаардлагууд тавьдаг байя, үүнтэй холбогдуулаад тендер, ил тод нээлттэй байдлыг хангая гэдэг санаачилга гаргаж байсан. Засгийн газраас өргөн барина гэсэн учир хууль санаачлах эрхийн хүрээнд хуулийн төсөл өргөн бариагүй. Өөрийнхөө санал бодлыг хэлэлцүүлгийн явцад оруулаад явсан. Ажлын хэсгийг ахлах санал гаргасан боловч МАН ажлын хэсгийн ахлагчаа сонгох бололтой. Тиймээс ажлын хэсэгт орж ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд дуусаагүй олон барилгын асуудлыг шийдэх цаг нь болсон. 2010 онд ажил нь эхэлсэн боловч дуусаагүй барилгын асуудал хүртэл байна. Он дараалан төсвөө нэмээд орж ирдэг, цаг үрдэг, өртөг нэмдэг асуудлууд бий. Тиймээс ч Б.Пунсалмаа гишүүнтэй хамтраад тогтоолын төсөл батлуулсан.
-Төсөвтэй холбоотой хамтарсан хуулийн төслүүд дээр мөн ажиллаж байгаа гэж сонссон...?
-Саяхан С.Цэнгүүн гишүүнтэй хамтраад төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах, гишүүдэд мэдээллийг “excel” файлаар өгдөг асуудлыг санаачилж оруулсан. Мөн Г.Тэмүүлэн тэргүүтэй бидний 13 гишүүн хамтраад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уул уурхайн бус салбарын өсөлтийг тооцох нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Энэ бол уул уурхайн салбараас өндөр хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд төсвийн чухал дүрэм юм. Ингэснээр зардлын өсөлтийг хазаарлана. Мөн Хог хаягдлын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаад, тогтоолын төслийг 13 чиглэлд батлуулсан. Усны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачлаад байна. Монголчууд усанд маш их анхаардаг, ус чандмань эрдэнэ гэж ярьдаг, усгүй бол ер нь амьдрал байхгүй. Тиймээс энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьчихлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэх мэтээр хоёр жил гаруйн хугацаанд 40 шахам хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан байна.
