Хамтын ажиллагаа1 мин унших
БНСУ-ын ODA-ийн хүрээнд хамтарсан төсөл боловсруулах чиглэлээр хамтран ажиллана

2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын Дэжон хотод “UST–UMAS Partnership: A Future Roadmap for Global Talent Development” сэдвийн хүрээнд UST–UMAS хамтын ажиллагааны III форум зохион байгуулагдаж, төлөөлөгчид хамтын ажиллагааны бодит боломжуудыг хэрэгжүүлэх талаар илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хамтарсан форумын нээлтэд баяр хүргэж үг хэлэхдээ, UST буюу Солонгосын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь Шинжлэх Ухааны Академийн их сургууль (UMAS)-ийг байгуулагдсан цагаас өдийг хүртэл тогтмол хамтран ажиллаж, өнөөдөр энэхүү хамтарсан форумыг зохион байгуулж байгаад талархаж, Улсын Их Хурлын гишүүний хувьд манайд шинэхэн эхэлж буй судалгааны их сургуулийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мөн UMAS нь нэн эрэлттэй мэргэжлээр мастер, докторуудыг массаар биш харин цөөн тоогоор бэлтгэх чиглэлийг баримталж, гадаадын адил төстэй их сургуулиудтай хамтарсан сургалтын хөтөлбөрт онцлон анхаарч, аль болох олныг хэрэгжүүлж чадвал эх орондоо нарийн мэргэжлийн, ахисан түвшний мэргэжилтэн бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Форумын үр дүнд UST болон UMAS хамтын ажиллагаагаа бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх, хамтарсан академик болон хүний нөөц хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын ODA-ийн хүрээнд хамтарсан төсөл боловсруулах чиглэлээр ажиллахаар санал нэгдлээ.
Энэхүү форум UMAS-ийн судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол–Солонгосын шинжлэх ухаан, технологи, боловсролын урт хугацааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
