Түүх, уламжлалНийгмийн эрүүл мэнд1 мин унших
Амгалан амаржих газарт 264 мянган хүүхэд мэндэлжээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Амгалан амаржих газар ын түүхт 60 жилийн ойн баярын мэндийг үе үеийн эмч, эх баригч, сувилагч, ажилтан албан хаагчид, ахмад үеийнхэн болон нийт хамт олонд өргөн дэвшүүлээд сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "1966 онд “Гуравдугаар төрөх” нэртэйгээр байгуулагдсан энэ өргөө 60 жилийн хугацаанд 264 мянга 360 төрөлтийг эсэн мэнд хүлээн авч, төдий тооны хүүхдийн анхны амьсгал, мянга мянган гэр бүлийн аз жаргалын гэрч болжээ.
2016 онд түүхэндээ хамгийн олон буюу 9200 төрөлт хүлээн авч байсан бол сүүлийн гурван жилд жил бүр 5000–6000 эх амаржиж, өнөөдөр өдөрт дунджаар 10–15 хүүхэд энэ өргөөнд мэндэлж байна.
Ойролцоогоор хоёр цаг тутамд нэгэн шинэ амьдрал энд эхэлдэг.

Энэ 60 жилийн түүхийг бүтээсэн хүмүүс бол үе үеийн эмч, эх баригч, сувилагч, асрагч, инженер техникийн болон үйлчилгээний ажилтнууд та бүхэн юм.
Өнөөдөр “Амгалан” амаржих газар түүхээрээ бахархаад зогсохгүй эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд шинэ стандарт нэвтрүүлж байна.
Монгол Улсад анх удаа хөхний сүүний нөөцийн банк буюу донор хөхний сүүний тогтолцоо, дутуу болон бага жинтэй нярайд “имж эх” асаргааг хэрэгжүүлж байгаа нь онцгой ач холбогдолтой.
Цаашдаа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг амьдралын бүхий л үе шатанд дэмжиж, тэр дундаа цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байгаа нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг цогцоор нь харсан зөв чиглэл юм." хэмээв.
