Оношилгоо, эмчилгээ2 мин унших
Хавдрын эмчилгээний ирээдүй: Эрт оношилгоо, инноваци, хамтын зүтгэл

Монголын Хавдар судлалын үндэсний төв хавдар судлалын салбарын суурийг тавьж, өнөөдрийн хөгжил дэвшлийн замыг нээж өгсөн үе үеийн ахмад эмч, сувилагч, эрдэмтэн багш нартаа 65 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Түүхэн ойн хүрээнд 20 дахь удаагийн Үндэсний чуулга уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, 230 гаруй эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн, ахмад багш нэг дор чууллаа.
65 жилийн түүхийг эргэн харахад бидний хийсэн хамгийн том өөрчлөлт техник, тоног төхөөрөмжид байгаагүй. Бидний сэтгэлгээнд гарсан өөрчлөлт байлаа.
Нэгэн цагт “хорт хавдар” гэдэг онош бараг л эцсийн шийдвэр мэт сонсогддог байсан. Харин өнөөдөр хавдрыг эрт илрүүлж, бага хөнөөлт аргаар эмчлэх, эдгээх, хожуу үедээ илэрсэн ч өвчтөнд илүү урт, чанартай амьдрах боломжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрджээ.
2008 онд бидний хэдэн залуу эмч нар “Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг”-ийг байгуулж байхдаа Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон элэгний хавдрын оношилгоо, эмчилгээг дэлхийн түвшинд хүргэх зорилго, мөрөөдөлтэй байв.
2018 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлж, өнөөдөр 260 гаруй мэс заслыг амжилттай хийж, үр дүнгээ судлан хэлэлцэж байна. Үүний үргэлжлэл нь 2025 онд робот мэс заслыг Монголд нэвтрүүлсэн явдал юм.

Эмчийн гараар эхэлсэн ажил төрийн бодлогоор үргэлжлэх ёстой. УИХ-ын гишүүний хувьд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон донорын эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль, бодлогын ажилд оролцож, эмчийн хувьд эхлүүлсэн ажлаа төрийн бодлогоор үргэлжлүүлэн ажилласаар байна.
Хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байгаа энэ үед хожуу оношлогдож байгаа асуудлыг зөвхөн эмчийн ур чадвараар тайлбарлах бус, эрүүл мэндийн тогтолцоо, эрт илрүүлэг, хүртээмжтэй холбоотой бодлогын асуудал гэж харж, шийдвэрлэх шаардлагатай.
Тиймээс бидний дараагийн зорилго илүү олон мэс засал хийхдээ бус, илүү олон хүнийг эрт оношилж, илүү олон хүнд амьдралын боломжийг буцаан өгөхөд чиглэх юм. Судалгаа, шинжлэх ухааны ололтыг бодлогод шингээж чадвал энэ зорилгод хүрэх бодит өөрчлөлтийг бий болгож чадна.

Мөн салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан нийт эмч, сувилагч, эрдэмтэн, мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе.
Түүнчлэн хавдар судлалын салбарын хүндтэй шагнал болох “Нямдаваа эмч” шагналын эзнээр тодорсон Хүний гавьяат эмч, ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатар эмчдээ баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн
