Улсын нэгдсэн төсөв1 мин унших
Ц.Туваан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн нэмэгдлийг бодит амьдралтай уялдуулах шаардлагатай
Эдийн засгийн байнгын хорооны /2026.10.08/ хурлаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах байр суурийг илэрхийлэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн нэмэгдлийг бодит амьдралтай уялдуулах шаардлагатай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй дөрвөн төрлийн халамжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төсөвт тусгаж байгаа. Гэхдээ энэ нэмэгдлийг зөвхөн нэрлэсэн дүнгээр нь бус, иргэдийн бодит худалдан авах чадвартай нь уялдуулж тооцох шаардлагатай байна.
Тухайлбал, 478 мянган төгрөгийн тэтгэмжийг 600 мянган төгрөг болгож байгаа нь 122 мянган төгрөгөөр буюу 25.5 хувийн өсөлт юм. Нэрлэсэн дүнгээрээ тодорхой хэмжээний өсөлт боловч инфляц, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг тооцвол энэ нэмэгдэл иргэдийн амьдралд бодитоор хэр хүрэлцэх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал.
Иймээс Сангийн яамнаас халамжийн нэмэгдлийг зөвхөн “хэдэн хувиар нэмсэн”-ээр нь бус, иргэдийн бодит амьжиргаа, худалдан авах чадварт ямар өөрчлөлт авчрахыг тооцож ажиллах хэрэгтэй.
Өмнө нь боловсролын салбарын цалин, нэмэгдлийн асуудал дээр гарсан шиг нэрлэсэн өсөлт нь инфляц, үнийн өсөлтдөө шингэж, эцэст нь иргэдийн гар дээр бодит үр өгөөж багатай үлдэх ёсгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ бол зүгээр нэг төсвийн тоо биш, өдөр тутмын амьдралынх нь бодит хэрэгцээ юм. Тиймээс нэмэгдлийг бодит амьдралын нөхцөлтэй уялдуулж, иргэдийн худалдан авах чадварыг үнэхээр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсье!
