Тусгай хамгаалалттай газар нутаг1 мин унших
Ц.Туваан: Тусгай хамгаалалттай газар болон иргэдийн газар ашиглалт хоорондын уялдаа, холбоог эргэж харъя!
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2026.10.07/-ны өдрийн хуралдаанаар
Төв аймгийн иргэдийн газар, түлээ, түлшний хэрэгцээ болон тусгай хамгаалалттай газрын давхардлын асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах байр суурийг илэрхийлэв.
Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт зэрэг сумдын иргэд, тэр дундаа малчдын зүгээс газрын зөвшөөрөл, хүүхдийн боловсрол, түлээ түлш бэлтгэх зөвшөөрөлтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүдийг тогтмол тавьж байна.
Ялангуяа Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, дурсгалт газар болон Дэлхийн өвийн хамгаалалтын зэрэглэлүүд давхардаж, улмаар хамгаалалтын бүс нутгийг цаашид өргөтгөх асуудал яригдаж байгаа нь орон нутгийн иргэдийн амьдрал, мал аж ахуй эрхлэх боломжид хэрхэн нөлөөлөх талаар тодорхой болгох шаардлагатай байна.
Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хил заагийн давхардлыг цэгцлэх, орон нутгийн иргэдийн газар ашиглах, амьжиргаагаа залгуулах эрх, хэрэгцээг хамгаалалтын бодлоготой уялдуулах шаардлагатай. Уг асуудлыг холбогдох хууль тогтоомжид хэрхэн тусгаж байгаа болон мэргэжлийн яамны байр суурийг тодорхой болгомоор байна.
Мөн түлээ, түлш бэлтгэх зөвшөөрөл авахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, хүнд суртлыг бууруулж, орон нутгийн иргэдийн ахуй амьдралын бодит хэрэгцээнд нийцсэн зохицуулалт хийх шаардлагатай.
