УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны гишүүдтэй уулзлаа

УИХ-ын ХЗБХ-ны дарга Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны харьяа Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны гишүүдтэй уулзаж, дэд хорооны үйл ажиллагааны чиглэл, парламентын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон эдгээр зорилгоор явуулж буй гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, хууль сахиулах байгууллагын хариуцлагыг бэхжүүлэх асуудлыг онцлон тэмдэглэв.
Мөн дэд хороо хяналтын ажлаа төлөвлөгөөтэй, тогтмол хэрэгжүүлж, нийтлэг зөрчил, хүндрэл, тэдгээрийн шалтгааныг тодорхойлон, тогтолцооны түвшинд шийдвэрлэх санал боловсруулах нь чухал гэдгийг онцоллоо.
Хууль зүйн байнгын хороо дэд хорооны үйл ажиллагааг дэмжиж, гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн, шаардлагатай шийдвэрийг гаргах чиглэлээр хамтран ажиллана.
