УИХ-ын гишүүний мөнгө2 мин унших
Т.Мөнхсайхан: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бол төсөв нь үүнийг нотлох ёстой!
Одоогоос бараг жилийн өмнө УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхангишүүдийн хамт 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Улмаар Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор энэ санал албажсан билээ.
Тогтоолын агуулгын хувьд “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, түүнд шаардагдах санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг.
Тэгвэл өнөөдөр 2027 оны улсын төсвийг хэлэлцэж байхад санхүүжилт хангалтгүй, асуудлууд хэвээр байгаа талаар Т.Мөнхсайхан УИХ-ын ХХНББХ-ны хуралдаан дээр онцоллоо.
Тэрбээр "Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт хэдийг зарцуулах вэ?
Анхан шатны тусламж үйлчилгээ, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд ямар бодит хөрөнгө оруулалт хийх вэ?
Эм, эмнэлгийн хэрэгслийн иргэдийн халааснаас төлөх зардлыг хэрхэн бууруулах вэ?
Хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд ямар ахиц гаргах вэ?
Эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөц, ажлын орчин, нийгмийн баталгааг хэрхэн сайжруулах вэ?
Эдгээрийн зорилт, төсөв, хүрэх үр дүн нь тоотойгоо байх ёстой.
Учир нь УИХ-аас баталсан 2026-2030 оны таван жилийн үндсэн чиглэлийн зорилтыг жил бүрийн хөгжлийн төлөвлөгөө, улсын төсөвт бүрэн тусгаж байх үүргийг Засгийн газарт өгсөн. 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа ч энэ шаардлагыг дахин тодорхой болгосон.
Өмнөх төсвийн тооцооллоор эрүүл мэндийн салбарын төсөв 2026 онд ДНБ-ий 3.4 хувь, 2027 онд 4.4 хувь орчим байхаар тооцогдож байсан бол бодлогын зорилго нь 5 хувийн түвшинд хүргэх явдал юм.
5 хувь гэдэг зүгээр нэг статистик тоо биш.
Энэ бол эмнэлгийн хаалган дээрх хүлээгдлийг бууруулах, оношилгоог эрт хийх, орон нутагт тусламж үйлчилгээг ойртуулах, эмийн зардлаас болж өрхийн санхүү хүндрэх эрсдэлийг багасгах, эмч ажилтнууд тогтвортой ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэх бодит санхүүжилт байх ёстой.
ДЭМБ ч бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад бодит ахиц гаргахын тулд улсын санхүүжилтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийг салбарын хэрэгцээтэй зөв уялдуулах, зарцуулалтын үр дүн, ил тод байдлыг хангах шаардлагатайг онцолдог. Монгол Улсын хувьд ч иргэдийн халааснаас төлөх эрүүл мэндийн зардал, ялангуяа эмийн зардал санхүүгийн дарамтын чухал асуудал хэвээр байгааг ДЭМБ тэмдэглэсэн.
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” гэж зарласан бол түүнийгээ төсвөөр баталгаажуулах ёстой.
Иргэдийн өвчлөл, хүлээгдэл, халааснаас гарах зардлыг бодитоор бууруулахын төлөө эрүүл мэндийн салбар санхүүжилтийг нэмэгдүүлэх ёстой" гэв.
