Алба хаагчдын нийгмийн асуудал1 мин унших
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нүүрсэн галлагаанаас бүрэн автомат хийн халаалтын системд шилжиж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллаж, тус ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, алба хаагчдын ажиллах, амьдрах орчинтой танилцлаа.
Тус нэгтгэлийн хувьд олон жил тулгамдаж ирсэн халаалтын асуудлыг шийдвэрлэж, өмнө нь ашиглаж байсан нүүрсэн галлагаатай уурын зуухыг халж, бүрэн автомат хийн халаалтын системийг нэвтрүүлж эхэлжээ.

Шинэ системийн автомат удирдлагын шийдлийг монгол инженерүүд боловсруулсан бөгөөд хийн нийлүүлэлтээс эхлээд халаалтын горим, ажиллагааг бүхэлд нь автоматжуулжээ. Ингэснээр нүүрс түлэх, үнс шаар гаргах, байнгын гар ажиллагаа шаардах хуучин тогтолцооноос татгалзаж, илүү цэвэр, аюулгүй, тогтвортой халаалтын нөхцөл бүрдсэн байна.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут мөн тус нэгтгэлийг жишиг цэргийн хотхон болгон хөгжүүлэх хүрээнд цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай танилцав. Үүнд гражийн дээврийн засвар, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, алба хаагчдын хаус хорооллын төслийг үргэлжлүүлэх, шаардлагатай техник, эмнэлгийн зориулалтын автомашины хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал багтаж байна.

Зуу гаруй жилийн түүхт, Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нь Монгол Улсын 10 баатрыг төрүүлсэн түүхэн уламжлалтай бөгөөд өнөөдөр мотобуудлага, танк, артиллер, зенит, нисгэгчгүй нисэх хэрэгслийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.




