Баяр, Наадам2 мин унших
Мэндчилгээ

Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн ая тухтай амьдрал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үйлдвэрлэлийн хоршоолол ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн ахмад ажилтнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт салбарынхандаа өргөн дэвшүүлье.
Ардын хувьсгалын жилүүдээс эхлэн өнөөдрийг хүртэлх 95 жилийн түүхэн хугацаанд үсчин, гоо сайхан, оёдол, гутал засвар, гэр ахуйн болон бусад үйлчилгээний чиглэлээр иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан та бүхний хөдөлмөр зүтгэлийг төр засаг, иргэд олон нийт өндрөөр үнэлдэг билээ.
Дэлхий нийтэд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ахуйн үйлчилгээний салбарыг эх орондоо үүсгэн, хөгжүүлж, хэрэглэгчдэдээ амьдралын ая тухтай орчин бүрдүүлэн, ажлын байр бий болгох замаар улс, нийгмийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахуйн үйлчилгээний салбарын үе үеийн төлөөлөл болсон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Ахуйн үйлчилгээ нь иргэдийн амьдрал, ахуйн тав тухтай байдлыг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдгийн хувьд анхаарлын төвд байнга байдаг салбар бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Засгийн газраас 2008 оны 288, 2014 оны 279, 2019 оны 418-р тогтоолуудаар “Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж ирсэн.
Ингэснээр тус салбар хөгжих эрх зүй, бодлогын болон санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэгийн орчин бүрдэж, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааны тогтвортой байдал хангагдахын хэрээр борлуулалт орлого нь нэмэгдэн, ажлын байрны тоо өсөж, ажиллагсдын ур чадвар сайжирч, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэн, үйлчилгээний цар хүрээ тэлж, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд ахуйн үйлчилгээний салбарын эзлэх хувь хэмжээ өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулах, монгол хүний амьдрах ахуй орчинг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй 95 жилийн бахархам түүхтэй ахуйн үйлчилгээний салбарын нийт ажиллагсад та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
