Ерөнхий боловсрол3 мин унших
Н.Батсүмбэрэл: Боловсролын салбарын үр дүнг хүүхэд бүрийн суралцах боломж, багшийн ажиллах нөхцөл, сургалтын чанарт гарсан бодит ахицаар хэмжинэ

Боловсролын салбарын 2027 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгийг УИХ дахь Боловсролыг дэмжих лобби бүлгийн дэд ахлагчийн хувьд даргалж, багшийн хомсдол, мэргэжлийн багшийн хангалт, багш бэлтгэх тогтолцоо, хүний нөөцийн бодлогын асуудлыг салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцлээ.
2025–2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд багшийн 3,954 сул орон тоо байгаагийн 61.7 хувь нь нийслэлд төвлөрч, 1,262 багш өөрийн мэргэжлээс өөр хичээл зааж байна. Мөн тухайн хичээлийн жилд шилжилт хөдөлгөөн, чөлөө болон бусад шалтгаанаар 3,441 багш сургуулиасаа гарсан бол төгсөөд ерөнхий боловсролын сургуульд шинээр ажилд орсон багш ердөө 263 байжээ.
Эдгээр үзүүлэлт нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн сургууль барих хангалтгүйг харуулж байна. Шинэ сургуулиудыг мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг сонгох залуусыг дэмжих, бэлтгэгдсэн боловсон хүчнийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах бодлого зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

Миний бие МУБИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, боловсролын удирдлагын магистр, улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эзэмшсэн мэргэжил, төрийн удирдлагад ажилласан туршлагадаа тулгуурлан хүүхэд хаана амьдарч, аль сургуульд суралцаж байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших, эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих тэгш боломжтой байх ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллахдаа энэ зарчмын хүрээнд “Ялгааг арилгая” бодлогыг санаачлан, төрийн өмчийн бүх цэцэрлэгт Монтессори, STEAM зэрэг олон улсад хэрэглэгддэг боловсролын хөтөлбөр, арга зүйг нэвтрүүлэх боломж бүрдүүлж, зөөлөн эдлэлийн хангамжийг бүрэн шийдвэрлэсэн.
Энэ бодлогыг ерөнхий боловсролын сургуулиудад “Нэг сургууль – Нэг стандарт” зорилгын хүрээнд үргэлжлүүлж, сургалтын орчин, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих дэд бүтцийг үе шаттай сайжруулж байна.
57 дугаар сургууль НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн шинэчлэлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний системтэй, эрүүл, аюулгүй, ухаалаг, ногоон сургуулийн үндэсний жишиг боллоо.
23 дугаар сургууль усан бассейн, спорт заалтай болж, 3,100 гаруй сурагчийн бие бялдраа хөгжүүлэх боломжийг өргөжүүллээ. Энэ жишгээр 37, 39 дүгээр сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалт үргэлжилж байна.
57, 149 дүгээр сургуульд усан бассейн бүхий спорт цогцолбор байгуулах саналыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 2032 он гэхэд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудыг усан бассейнтай болгох зорилт тавин ажиллаж байна.
Гэхдээ сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулах нь боловсролын чанарын нэг л нөхцөл юм. Чанартай боловсролын үндэс нь чадварлаг багш, түүний тогтвортой ажиллах нөхцөл, хөдөлмөрийн бодит үнэлэмжтэй салшгүй холбоотой.
Тиймээс Боловсролын яам болон холбогдох байгууллагууд дараах асуудалд онцгой анхаарч, бодит үр дүн гаргах шаардлагатай.
Багш нарын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бууруулах, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, ажлын байртайгаа ойр орон сууцанд амьдрах боломжийг бодлогоор бүрдүүлэх.
Сурагч бүрийг сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж, сургууль хоорондын боловсролын чанар, хүртээмжийн ялгааг бууруулах.
Сургуулиудын хэт ачааллыг бууруулж, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хүүхдийн тоо, бодит хэрэгцээ, аюулгүй байдлын эрсдэлд үндэслэн эрэмбэлэх.
Улсын хөгжлийн үндэс нь хүний хөгжил, хүний хөгжлийн суурь нь чанартай, хүртээмжтэй боловсрол юм.
Иймээс боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бол улсын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үздэг. Түүний үр дүнг зөвхөн зарцуулсан төсөв, барьсан барилгын тоогоор бус, хүүхэд бүрийн суралцах боломж, багшийн ажиллах нөхцөл, сургалтын чанарт гарсан бодит ахицаар хэмжих ёстой.
