Ерөнхий боловсрол2 мин унших
Сурах бичгийн тендер ба хэрэгцээнд нийцсэн шийдэл

Өчигдөр /2026.10.15/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун Нийслэлийн 116 дугаар сургууль дээр ажиллалаа. Энэ үеэр багш, сурагчид гишүүнээс хоёр чухал асуудлыг хөндөж, шийдвэр гаргах түвшинд анхаарч өгөхийг хүссэн юм.
Нэгдүгээрт, сургуулийн барилгын асуудал.
60 гаруй жилийн түүхтэй тус сургуулийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд шинэчлэлийн асуудал улсын төсөвт тусгагдсан эсэх талаар тодруулга хүсэв.
Хоёрдугаарт, сурах бичгийн тендер, хэвлэлийн тоо хэмжээний асуудал.
Тус сургуулийн багш нар сурах бичгийг өөрсдөө боловсруулж, брайл бичигт хөрвүүлэн, хараагүй сурагчдад зориулсан хүртээмжтэй хувилбар бэлтгэдэг. Гэвч нэг сурах бичгийг хамгийн ихдээ 100 орчим ширхэгээр хэвлэх хэрэгцээтэй байдаг. Харин сул хараатай сурагчдад зориулж үсгийн хэмжээг томруулан хэвлэх тохиргоог мөн багш нар өөрсдөө хийдэг байна.
Ийм бодит хэрэгцээтэй байхад сурах бичгийг хэвлэлийн компаниар 5,000 ширхэгээр хэвлүүлэх нь хэр оновчтой вэ? Хэрэгцээнээс давсан тоо хэмжээгээр хэвлэхэд төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах эрсдэлтэй. Тиймээс сурах бичгийн тендер, хэвлэлийн тоо хэмжээ, хүртээмжтэй хувилбарын хэрэгцээг бодит нөхцөл байдалд тулгуурлан шийдэх шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Эдгээр асуудлаар Боловсролын сайдаас тодруулга авахад асуудлын агуулгад хариулт өгөхийн оронд над руу хашхирч, “Чи төлөөлөл биш”, “Чи юу юм?” гэх үгийг дахин дахин хэллээ. Харамсалтай нь, хөндсөн асуудлуудын талаар тодорхой хариулт өгсөнгүй.
Гэтэл энд хэн нэгний хэн байх тухай асуудал биш юм. Сургуулийн барилгын нөхцөл, сурах бичгийн хүртээмж, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтын тухай асуудал яригдаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан боловсролын хүртээмжийг багш нарын хувийн санаачилга, нэмэлт хөдөлмөрт даатгаж болохгүй. Хүүхэд бүр сурах бичгээ өөрийн хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр авах боломжтой байх ёстой. Үүний тулд бодлого, төсөв, тендерийн зохицуулалт нь бодит хэрэгцээгээ дагаж өөрчлөгдөх учиртай.
Асуудал хөндсөн хүнийг хэн бэ гэж асуухаас илүүтэй, хөндсөн асуудалд нь хариулт өгч, шийдэл эрэлхийлдэг байх нь төрийн байгууллагын үүрэг юм.
