Аюулгүй байдал, Тусгаар тогтнол1 мин унших
Баатарлаг түүхт сургуулиараа бахархъя

Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын бат бэх тулгуур болсон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ойн баярын мэндийг үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, офицер, алба хаагчид, сонсогч, суралцагчдадаа өргөн дэвшүүлье!
Миний бие ч энэ сургуулийн сонсогч явсан хүний хувьд төрөлх сургуулийнхаа түүхт ойгоор бахархаж, баярлаж байна.
Эх орноо хайрлах сэтгэл, эр цэргийн сахилга бат, анд нөхдийн үнэнч нөхөрлөл, эх орныхоо төлөө зүтгэх эрхэм чанарыг энэ л сургуулийн босгоор алхаж, эрдмийн танхимд нь суралцаж явахдаа сэтгэл зүрхэндээ шингээсэн билээ.
Эх оронч үзэл бол үгээр бус, үйлсээр батлагддаг үнэт зүйл. Энэ эрхэм үзэл, үнэт зүйлийг үеэс үед өвлүүлж, Монгол төрийн цэргийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэн ирсэн төрөлх сургуулиараа бахархнам.
Түүхт 105 жилийн ойгоороо “Монгол Улсын Баатар” цол, “Сүхбаатарын одон” хүртсэн монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл, эрдэм мэдлэгийн өлгий болсон ҮБХИС-ийн алдар гавьяа үеийн үед мөнхөд бадраг!
УИХ-ын дарга С.Бямбацогт



