10 мин унших
"Ногдол ашгаар санхүүжүүлэх төслүүдийн дийлэнх нь зураг, төсөвгүй байна"

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг баталлаа. Төсвийн тодотголоос “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт төсөвлөсөн зардлыг хассан. Таны зүгээс Боловсролын яам төсвийн тодотгол батлаагүй байхад 40 тэрбумыг хууль зөрчиж, зарцуулсан гэдэг асуудлыг хөндсөн. Төсвийн тодотголоор бодитой хэмнэлт хийж чадав уу?
-Бодитой хэмнэлт хийж чадсангүй. Бид наадмаас хойш Засгийн газарт төсвөө тодотго гэсэн шаардлага тавьсан. Үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадварыг үгүй хийж байгаа энэ үед төр эрс шийдэмгий зардлаа танаж, алдагдлаа бууруулах ёстой байв. Гэтэл тодотголоор нийт зардлыг нэг их наяд, урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Алдагдлаа нэг их наядаас хоёр их наяд болгочихлоо. Энэ алдагдлыг яаж нөхөх вэ. Мэдээж шинээр зээл авна, өр нэмнэ. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж, татварын орлогын тасалдлыг хаахаар тусгасан. Засгийн газар өөрийн зардлыг бууруулахын оронд нэмж өр тавьж, төсвийн цоорхойгоо нүүрсний орлогоор санхүүжүүлэхээр боллоо.
Миний хувьд 603.9 тэрбум төгрөгийн зардал бууруулах 14 санал гаргасан. Ердөө хоёр нь дэмжигдэж, 19 тэрбумыг хасуулсан. Томилолт, зочны зардлаас 4.8 тэрбум, байрны түрээсээс 14.2 тэрбум төгрөг. Хэмнэх боломж байсан боловч харамсалтай нь хэмнэхийг хүссэнгүй.
“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн тухайд тодруулж хэлэхэд, Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй тухай асуудал хөндөгдсөн учраас зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ санал дэмжигдээд явтал салбарын яам нь аль хэдийн 107 аж ахуйн нэгжтэй 40 орчим тэрбум төгрөгийн дүнтэй түрээсийн гэрээ байгуулчихсан болж таарав. Төсвийн тодотгол батлагдаагүй байхад ямар үндэслэлээр шийдвэр гаргасныг лавлаж асуухад яамны Төрийн нарийн бичгийн дарга “Тодотгол батлагдчих байх гэж найдсан” гэж тайлбарласан. Төсөв батлагдана гэж найдаад төрийн өмнөөс гэрээ байгуулж болдог юм уу.
Энэ асуудлыг Лхагва гаригт Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх санал гаргасан байгаа. Гэрээ байгуулсан үндэслэл, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох ёстой. Хүүхдүүдийн суралцах нөхцөлийг ч хамтад нь шийдэх хэрэгтэй. Томчуудын гаргасан шийдвэрийн үр дагаврыг хүүхдүүд үүрч болохгүй. Салбарын яам ч гэсэн өөрсдийн алдааг хүүхдийн эрхээр хаацайлж УИХ руу давшлах нь ёс зүйгүй үйлдэл юм.
Төсвийн тодотголоос авах зүйл бол ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмсэн явдал байлаа. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл хэрэгтэй. Гол нь энэ нэмэгдлийнхээ үр дүнг хамгаалахын тулд төр өөрийн үр ашиггүй зардлыг танаж, үнийн өсөлтийг хазаарлах ёстой байв. Тэтгэвэр нэмсэн нь Засгийн газрын бусад зардлын өсөлтийг зөвтгөхгүй.
-Ер нь улсын төсөв хэлэлцэх үеэр Засгийн газрын сайд нар нь шоу хийгээд байна уу, парламентын гишүүд нь улстөржүүлж, попроод байна уу?
-Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг тун хүнд нөхцөлд үргэлжилж байна. Сайд нарын ирц маш хангалтгүй байна. Байнгын хороо, чуулганы хуралдаанд ирж суулаа гэхэд асуултад үндэслэлтэй хариулахгүй байна. Төсвийн мөнгийг юунд, ямар тооцоогоор зарцуулахыг асуухаар улстөржүүллээ, попорлоо гээд байж болохгүй шүү дээ. Энэ долоо хоногт ирэх жилийн төсвийн гурав дахь хэлэлцүүлэг эхэлнэ. Төсвийн зарлага гэнэт 10.7 их наяд төгрөгөөр нэмэгдчихээр ойлгомжгүй маш олон зардал, санхүүгийн харилцаа гарч ирж байна. Энэ бүхэнд ул суурьтай хариулт авах хэрэгтэй. Яагаад нэмсэн, ямар үр дүн гарах, дараа жилүүдэд ямар үүрэг хүлээх вэ гэдгийг нь тодруулах ёстой.
Ер нь манай улсын төсөв сүүлийн хэдэн жилд эрс тэлж байгаа. Үүнийг дагаад УИХ-ын төсөв батлах, түүнд хяналт тавих механизм ч илүү боловсронгуй болох шаардлагатай болж ирж байна. Хэдэн жилийн өмнөхөөс хавьгүй их мөнгө зарцуулж, олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлж байхад парламент тэр бүхнийг задлан шинжилж, эрсдэлийг нь тооцох чадавхаа нэмэгдүүлэх ёстой. Гишүүн асуулт асуулаа, сайд ерөнхий хариулт өглөө, санал хураагаад баталлаа гэсэн байдлаар явбал ийм хэмжээний төсөвт бодитой хяналт тавьж чадахгүй.
Наад зах нь өмнөх жил баталсан мөнгөөр юу хийснийг дараа жилийн төсөвтэй нь холбож хэлэлцдэг байх хэрэгтэй. Төсөл нь дууссан уу, өртөг нь яагаад нэмэгдсэн, иргэдэд ямар үйлчилгээ хүрсэн бэ. Үр дүнгээ тайлбарлаагүй байхад нь дараагийн мөнгийг нэмж батлаад байвал зардал өсөөд л байна.
Байнгын хороод төсвийн мэдээллээ хугацаанд нь бүрэн авч, мэргэжлийн дүн шинжилгээнд тулгуурлан хэлэлцдэг болох ёстой. Аудитаар илэрсэн зөрчлийг арилгасан эсэхийг эргэж шалгадаг, төсөв баталсны дараа зарцуулалтыг нь жилийн турш хянадаг байх хэрэгтэй. Төсөв томрох тусам түүнийг зарцуулах эрх мэдэл нэмэгдэж байна. Тэр хэрээр тайлагнах үүрэг, парламентын хяналт нь нэмэгдэх ёстой шүү дээ.
"ИРЭХ ОНЫ ТӨСВӨӨС ДОР ХАЯЖ 6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ТАНАХ ШААРДЛАГАТАЙ"
-Оюутолгойн гурван их наядын ногдол ашгийн хоёр их наядыг нь эрчим хүч болон нийгмийн тулгамдсан дэд бүтцийг санхүүжүүлэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах нэг удаагийн хуулийн төслийг өргөн барьсан. Таны хувьд ногдол ашгийг юунд зарцуулах ёстой гэж харж байна вэ. Ногдол ашгийг Засгийн газрын өргөн барьсны дагуу зарцуулалт хийхийг дэмжиж байгаа юу?
-Засгийн газар ирэх жилийн төсвийн төслийг дагалдуулж "Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай" гэдэг нэртэй, нэг удаагийн шинжтэй хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төсөл УИХ-ын босгыг давах эсэх нь тодорхойгүй байна. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Оюутолгойгоос орж ирэх ногдол ашиг Хуримтлалын сангийн иргэдийн нэрийн дансанд хуримтлагдах ёстой. Гэтэл Засгийн газар хуулиа өөрчилчихнө гэж тооцоод хоёр их наяд төгрөгөөр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх төсөв оруулаад ирсэн.
Өмнө нь төсвийн тодотгол батлагдчих байх гэж найдаад гэрээ байгуулсан тухай ярьсан. Одоо хууль нь өөрчлөгдчих байх гэж найдаад иргэдийн хуримтлалд очих мөнгөөр зардал төлөвлөчихөж байна. УИХ тэр хуулийг нь дэмжихгүй бол энэ төслүүдийн санхүүжилтийг яах юм.
Ногдол ашгаар санхүүжүүлэхээр оруулж ирсэн төслүүдийн дийлэнх нь зураг, төсөвгүй байгааг аудитын байгууллага анхааруулсан. Ямар өртгөөр, хэдий хугацаанд, ямар үр дүн гаргахаа гүйцэд тооцоогүй байж иргэдийн хуримтлалаас хоёр их наядыг авч зарцуулна гээд сууж болох уу. Миний хувьд ногдол ашгийг хүчин төгөлдөр хуулийнхаа дагуу иргэдийн хуримтлалд төвлөрүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Засгийн газар шаардлагатай хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, үр ашиггүй зардлаа танах замаар яригдаад байгаа төслүүдээ санхүүжүүлэх орон зайгаа гаргаж авах хэрэгтэй. Төсөвт мөнгө хэрэг болох бүрд нэг удаагийн хуулиар зориулалтыг нь өөрчлөөд байвал баялгийн санд яаж хуримтлал үүсэх юм. Иргэдийн нэрийн дансанд хуримтлал бий болгоно гэсэн амлалтдаа төр өөрөө эзэн болох ёстой.
-Ирэх 2027 оны төсөв дээр ногдол ашгаас гадна үр ашиггүй, хардлага төрүүлсэн ямар төсөв байна вэ?
-Дээр хэлсэнчлэн зураг, төсөвгүй 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн тухай аудитын байгууллагын дүгнэлт бий. Мөн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй 3.2 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дурдсан байна. Юу хийхээ төлөвлөж, өртгөө тооцож дуусаагүй байж мөнгийг нь төсөвт суулгаад оруулаад ирж байна шүү дээ. Томилолт, зочны зардал 91 тэрбум төгрөг болж, өмнөх жилийнхээс 15.6 тэрбумаар нэмэгджээ. Мэдээлэл, сурталчилгааны зардлыг 26.5 тэрбум болгосон байна. Энэ оны тодотголд 17.5 тэрбум туссан байсан. Төрийн байгууллагуудын хэвлэлтэй байгуулсан гэрээнүүд ид нийгмийн анхаарлын төвд байхад энэ зардлыг дахиад есөн тэрбум төгрөгөөр буюу 51.4 хувиар нэмэгдүүлчихэж байгаа юм. Ямар хэрэгцээ, тооцоогоор ингэж нэмсэн юм.
Иргэдийн амьдрал хүнд байна, төсвийн боломж хязгаарлагдмал гээд байдаг. Тэгсэн хэрнээ төр өөрийн томилолт, зочин, сурталчилгааны зардлыг нэмээд байгааг юу гэж ойлгох вэ.
Хөрөнгө оруулалт дээр ч гэсэн ойлгомжгүй төсөл, арга хэмжээ олон байна. Ховд аймагт 70 тэрбум төгрөгийн өртөгтэй Хүүхэд, залуучуудын спортын хөгжлийн бүсийн цогцолбор барих гэнэ. Ийм их мөнгөөр хэдэн сургууль, цэцэрлэг барьж болох билээ дээ. Хөрөнгө мөнгө хязгаарлагдмал байхад энэ цогцолборыг нэн түрүүнд барих шаардлага, тооцоо нь юу юм. Би хувьдаа ирэх оны төсвөөс дор хаяж зургаан их наяд төгрөгийн зардал танах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Энэ долоо хоногт байнгын хороодод зарчмын зөрүүтэй саналуудаа өгнө. Хэмнэх боломж байгаа. Засгийн газар, парламентын олонх тэр боломжийг ашиглах хүсэлтэй байна уу гэдэг нь санал хураалтаар харагдана.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк төсвийн зардлыг бууруулах шаардлагатай гэдэг зөвлөмж өгсөн ч УИХ ирэх жилийн төсвийг олонхиороо хүч түрээд батлах төлөвтэй. Төсвийн зардлыг бууруулах ёстой, алдагдалгүй төсөв батлах ёстой гэх асуудал хөнддөг таны хувьд Засгийн газар төсвийг тэлж оруулж ирснийг хэрхэн харж байна вэ. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуультай учраас төсөв томрууллаа гэж сөрөг хүчин шүүмжилж байна. Инфляц ирэх онд нэг оронтой тоонд баригдахгүй л болов уу?
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк төдийгүй бусад мэргэжлийн байгууллагууд, эдийн засагчид ч мөн төр зардлаа бууруулах шаардлагатай талаар хэлж, ярьж байгаа. Засгийн газар энэ мэргэжлийн зөвлөмжүүдэд үндэслэлтэй хариулт өгөх үүрэгтэй. Парламентад олонх байлаа гээд, хүч түрж санал хураалаа гээд эдийн засгийн бодит үр дагаврыг өөрчилж чадахгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ гэсэн үг. Төсвийн зарлага өсөхөөр эдийн засагт эрэлт нэмэгдэнэ. Тэр эрэлтийг хангах үйлдвэрлэл, бараа үйлчилгээ нь дагаж нэмэгдэхгүй бол үнэ өснө, импорт нэмэгдэнэ. Мөнгөний бодлого чанга хэвээр байвал зээлийн хүү буурахгүй. Бизнес эрхлэгчдийн санхүүжилт үнэтэй, өрхийн зээлийн дарамт өндөр хэвээр үлдэнэ. Төсвийн шийдвэр ингэж иргэдийн өдөр тутмын амьдралд очдог.
Дээр нь хүмүүсийн ирэх жил үнэ өсөх байх гэсэн хүлээлт өнөөдрийн шийдвэрт нь нөлөөлнө. Бизнесүүд үнээ урьдчилж нэмэх, иргэд худалдан авалтаа наашлуулах зэргээр инфляцын хүлээлт өөрөө үнийн өсөлтийг өдөөдөг. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сангийн бодлого, сайд дарга нарын хэлж байгаа үг, гаргаж байгаа шийдвэр нь үнийн өсөлтийг хазаарлана гэсэн итгэл төрүүлэх ёстой. Одоо бол зарлагаа огцом нэмчихээд инфляц буурна гэж тайлбарлаж байна. Яаж гэдэгт нь хариулт алга.
Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Сонгуулийн жилд төсвийн сахилга батыг бүр өндөр түвшинд шаардах ёстой. Өнөөдөр таалагдах зардал нэмээд, дараа нь үнийн өсөлт, өрийн төлбөрийг иргэдэд үлдээж болохгүй. Бид төсөл нэг бүрийн хэрэгцээ, өгөөж, санхүүжилтийг нээлттэй хэлэлцэх үүрэгтэй.
Явж явж төрийн макро эдийн засгийн бодлогын алдаа иргэдэд л ачаа болж очдог. Тэтгэвэр, цалин нэмсэн ч дэлгүүрт ороход авах бараа нь багасаад байвал иргэдийн амьдрал дээрдээгүй л гэсэн үг. Миний хувьд зардлаа бууруулах шаардлагаа тавьсаар байх болно.
-Төсөв тэлэх бүрийд эдийн засаг төрөөс улам бүр хамааралтай болж, хувийн хэвшлүүд жижгэрч байна. Үнэндээ өнөөдөр улстөрчидтэй хамаарал бүхий компани, төсвөөс тендер авдаг компаниуд л амь тавьчихалгүй үйл ажиллагаа эрхэлж байна. Ирэх оны улсын төсөв дээр хувийн хэвшлийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчин ямар байна гэж хардаг вэ?
-Би энэ асуултыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуусан. “Та бүхний өргөн мэдүүлсэн төсөв хувийн хэвшилд яаж нөлөөлөх вэ?” гэсэн агуулгаар. Тэгсэн “Бид хувийн хэвшлийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох гэж байгаа” гэж хариулсан. Төсөв тэлж хувийн хэвшлээ дэмждэггүй л байхгүй юу. Мэдээлэлд ойр, дарга нартай хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл тарааснаар улам л дабль стандарт гаарч, зах зээл дээрх өрсөлдөөн хумигдана. Өнөөдөр манай улс төрийн клиентелист тогтолцоотой болчихлоо шүү дээ.
Ирэх жилийн төсөвт нийт 1.3 их наяд төгрөгийн татаас тавигдсан байна. Хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэр гээд татаасгүй салбар гэж алга. Гэтэл энэ их дэмжлэгийн үр дүнд компаниудын бүтээмж нэмэгдэж байна уу, төрийн дэмжлэггүйгээр өрсөлдөх чадвартай болж байна уу? Эсвэл дараа жил нь дахиад татаас, хөнгөлөлттэй зээл хүлээгээд сууж байна уу? Төсвөөс мөнгө хуваарилснаа амжилт гэж тайлагнаад байж болохгүй.
Төрийн албан хаагчдын цалингийн өсөлт ч хувийн хэвшилд нөлөөлнө. Төр цалингаа нэмэхээр хувийн хэвшлийн ажилтнууд ч цалингаа нэмүүлэх хүлээлттэй болно. Аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа тогтоон барих хэрэгтэй байдаг, гэтэл борлуулалт, бүтээмж нь дагаж нэмэгдээгүй бол цалин нэмэх мөнгийг хаанаас гаргах вэ? Ашгаасаа гаргана, үнээ нэмнэ, эсвэл шинэ хүн авах, хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө хойшлуулна. Ялангуяа жижиг бизнест энэ нь том дарамт. Цалин нэмэх хэрэгцээ байгааг ойлгож байна. Гол нь Засгийн газар өөрийн шийдвэр хөдөлмөрийн зах зээл, бизнесийн зардалд яаж нөлөөлөхийг хамтад нь тооцох ёстой. Төсөвт ажилтны цалингийн эх үүсвэрийг суулгачихлаа гээд эдийн засгийн тооцоо нь дуусахгүй шүү дээ.
Төсвөөр дамжуулж төр л томроод, олон зах зээлд төрийн өмчит компаниуд давуу байр суурь эзлээд байвал хувийн хэвшил хаана нь өсөх юм бэ? Нэг талд нь төртэй татвар, санхүүжилт, зөвшөөрөл дээр харилцана. Нөгөө талд нь төрийн компанитай өрсөлдөнө. Ийм орчинд бизнес эрхлэх улам хүнд болно.
Тиймээс татварын тогтвортой бодлого, тэгш өрсөлдөөн, төрийн зардлын хязгаар, төрийн өмчит компанийн давуу эрхийн асуудлаар нэгдэж, шаардлага тавих хэрэгтэй. Бизнесийн холбоод нь төсвийн хэлэлцүүлэгт тооцоо, судалгаатай оролцож, гишүүдээс ямар санал өгснийг нь асуудаг баймаар байна. Хууль эрх зүйн орчны хувьд бизнес эрхлэгчид зардлаа урьдчилж тооцож чаддаг байх хэрэгтэй. Татвар, шимтгэл, зөвшөөрлийн нөхцөл нь гэнэт өөрчлөгддөггүй, дүрэм нь бүх компанид ижил үйлчилдэг байх ёстой. Ирэх жилийн төсөв, түүнийг дагалдсан хуулиудыг энэ шалгуураар харах хэрэгтэй. Уг нь энэ Улсын Их Хурал хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Төрийн үндсэн үүрэг бол хувийн хэвшилдээ саад болохгүй байх гэдэгт итгэдэг олон гишүүн бий. Тэр байр суурь нь төсөв хэлэлцэхэд, санал өгөхөд харагдах ёстой шүү дээ.
Хувийн хэвшлийн дуу хоолой зөвхөн төрөөс дэмжлэг хүсэх үед сонсогддог байж болохгүй. Төрөөс хамааралгүйгээр бизнесээ босгох орон зайныхаа төлөө өөрсдөө ч тууштай тэмцэх хэрэгтэй. Ардчилсан намын бүлэг ямагт та бүхний талд зогсоно гэдгээ ч бас хэлмээр байна. Бид хамтдаа эдийн засгийн эрх чөлөөгөө хамгаалахгүй бол цаашид хөгжил ярих боломжгүй болно.
