Тэтгэлэг, уралдаан2 мин унших
“Мабүчигийн хүүхдүүд” 40-өөр нэмэгдлээ

Олон нийт тэтгэлгийн үйл ажиллагааны цар хүрээг зөвхөн Шинэ Монгол сургуулийн төгсөгч, сурагчдаар хязгаарлагддаг хэмээн андуурах үе бий.
2015 онд Ж.Галбадрах багш Японы Олон улсын Мабүчи тэтгэлгийн сантай хамтран орон нутгаас нийслэлийг зорин ирж суралцаж буй оюутнуудад зориулсан Тэтгэлгийн сан байгуулсан юм.
Тэгвэл Өчигдөр /2026.10.17/ 12 дахь удаагийн тэтгэлэг гардуулах ёслол болж 40 шинэ оюутанд батламжийг гардууллаа.
Өнгөрсөн хугацаанд нийт 436 оюутанд зургаан тэрбум гаруй төгрөг олгожээ.

Энэ тэтгэлэг маань ямар ч барьцаа, хүүгүй, тэр бүү хэл доллараар авсан тэтгэлгээ эргэн төлж эхлэхдээ ханшийн алдагдалгүй, анх авсан үеийн ханшаараа бодож өгдөг гээд олон давуу талтай юм.
Хамгийн гол онцлог нь зөвхөн сургалтын төлбөрийн зээл гэсэн мөнгөн дүнд бус, оюутан залууст итгэл өгдөгт байдаг.
Хэрэв чи эргэн төлөлтөө 100% хийвэл дараагийн нэгэн залууд боломж болон очно гэдгийг ухамсарлуулдаг.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Манай оюутан залуус ч үүнийг сайн ойлгож, эргэн төлөлт нь өнгөрсөн жилийн байдлаар 81% байгаа гэдгийг сонсоод Монголын маань ирээдүй гэрэлтэй байгааг мэдэрсэн.
Миний хувьд олон хүмүүст, олон төгсөгчдөд боломж олгож ирсэн ч энэхүү орон нутгаас ирсэн оюутнууд энэ тэтгэлгийн авч, сайн боловсрол эзэмшиж, сайн сайхан явахыг харахдаа үнэхээр хамгийн их аз жаргалтай байдаг.

Тэтгэлэг авч байсан оюутнуудаас өнөөдөр 35 орчим нь өөрсдөө тэтгэлэг олгогч болоод явж байгааг харах сайхан байна.
Мөн эргэн төлөлтөнд эергээр нөлөөлж буй бас нэг хүчин зүйл бол Шинэ Монгол сургуулийг төгсөөд Японы их дээд сургуульд сурч ирсэн төгсөгчид маань ментор хийдэгт бий.
Нэг төгсөгч хоёр шинэ оюутанд менторлож, өөрийн дүү шиг санаж, мэддэг чаддаг бүхнээ харамгүй зөвлөдөг.
Асуудал гарвал хамтдаа ярьж шийднэ. Кофе ууна, төрсөн өдрөөр нь баяр хүргэнэ. Ажлын байрын талаар зөвлөнө гээд ах дүүгийн холбоо үүснэ. Нэг ёсны батлан даагч болж, чин сэтгэлээс зөвлөж тусалдаг тул дүү нар нь тэтгэлгээ эргэн төлөхдөө ах эгчийнхээ царай нь харагдаж үүргээ улам ухамсарладаг хэмээдэг.
Ийм хүн хоорондын итгэлцэл, хариуцлагын харьцаа үүсдэг.

