Ашигт малтмал2 мин унших
Ашигт малтмалын хуулийн шинэчлэлээр хариуцлагатай уул уурхай шинэ шатанд гарна
13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ-аар батлагдсанаар манай Улсын эдийн засагт томоохон эерэг өөрчлөлтийг авчрах нэг том дохио болж байна.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон нутагт очих өгөөж өсөж, хайгуул, боловсруулалт, хариуцлагын тогтолцоонд чухал шинэчлэл хийгдсэн эрх зүйн орчинтой боллоо.
ОРОН НУТАГТ ОЧИХ БАЯЛГИЙН ӨГӨӨЖ НЭМЭГДЭНЭ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс (АМНАТ) орон нутагт хуваарилах хэмжээг 10% байсныг 20% хүргэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумдын хөгжлийг дэмжинэ.
ЭРЭЛ, ХАЙГУУЛЫН САЛБАР ДАХИН СЭРГЭНЭ.
Геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын ажил эрс сэргэж, тусгай зөвшөөрөл олголтыг олон төрөлтэй болгож байна. Ингэснээр газрын хэвлийн судалгааны ажилд зарцуулах зардал өсөж нөөц баялагийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэнэ. Шинэ хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдэж, ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх шинэ ордуудыг нээн илрүүлэх боломж нээгдлээ.
УХААД ШУУД ЭКСПОРТОЛДОГ БОДЛОГООС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, БОЛОВСРУУЛЖ, НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ.
Улсын хэмжээнд зогссон байгаа 47 боловсруулах үйлдвэрүүд ажиллаж эхэлнэ. Дотоодын борлуулах үйлдвэрүүд түүхий эдийн дутагдлаас гарлаа. Баяжуулалтын 123 үйлдвэрийг бүртгэлжүүлж, нэгдсэн бодлогоор дэмжих боломж бүрдлээ. Эдийн засгийн үр өгөөжгүй дагалдах ашигт малтмалд АМНАТ ногдуулахгүй байх зохицуулалтаар боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.
ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ШИНЭ ШАТАНД ГАРНА.
Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын хариуцлагыг өндөржүүлж, ухсан бол нөхөн сэргээдэг санхүүжилтийн баталгааг бүрдүүлээ. Хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.
ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТОДОРХОЙ БОЛНО.
Хуулийн 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдлийг арилгаж, салбарын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, тогтвортой зохицуулалттай боллоо.
Байгалийн баялгаа зөвхөн олборлоод шууд зарах бус, нэмүү өртөг шингээн боловсруулж, үр өгөөжийг нь орон нутаг, иргэдэд илүү хүртээх шинэ бодлого хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн Ажлыг хэсгийг УИХ гишүүн ТББХ-ны дарга Б.Жавхлан ахалж, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, О.Батнайрамдал, Н.Наранбаатар, Ц.Туваан, А.Ундраа, Б.Мөнхсоёл, Р.Батболд ажиллав.
