Улсын нэгдсэн төсөв3 мин унших
Амралтын өдрийн бодрол: төсвийн хэлэлцүүлэг №1

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг тун хүнд уур амьсгалд өрнөж байна.
Юмны үнэ тэнгэрт хадчихсан, өрхийн орлого амьдралд хүрэлцэхээ больсон. Зунаас хойш шатахуун хомсдож, иргэд шатахуун авах гэж хэдэн цагаар урт дараалалд зогссон. Дарга нар нэгнийхээ олон их наядын хулгай луйврыг илчилдэг ч, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нийгэм бухимдалтай байгаа ийм цаг үед Улсын Их Хурал төсөв хэлэлцэж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд ямар хүнд нөхцөлд ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө татвар төлж байгааг бодохоор төсвийн үрэлгэн зардлуудыг хараад дургүй хүрнэ. Зарим зардлын үндэслэлийг асуумаар, заримыг нь бүр хасмаар… Тэгээд асууна, шүүмжилнэ, зарчмын зөрүүтэй санал гаргана.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн сайдтай нэлээд ширүүн маргалдлаа.
Эдийн засгийн байнгын хороон дээр МАН сүүлийн арван жилд 205 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулсан ч нүдэнд үзэгдэх, гарт баригдах зүйл алга, тиймээс ядаж Оюу толгойн ногдол ашгийг Хуримтлалын санд нь үлдээгээч гэсэн утгатай зүйл ярьсан юм. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Билгийн нүдээ нээ, болж бүтэж байгаа өчнөөн сайхан юмыг олж харж чадахгүй байна” гэж надад уурлав. Сүүлдээ бүр миний ёс зүй, хүмүүжлийг хүртэл ярих шиг болсон. Эрхэм сайд бүх зүйл болж бүтээд байгаа параллель ертөнцөд амьдардаг аятай…
Төсвийн байнгын хорооны хурал дээр З.Мэндсайхан сайдаас Оюу толгойн ногдол ашгийн талаар санал асуулга явуулж байгаа зорилго, төсвөө аль хэдийн УИХ-д өргөн мэдүүлчихсэн байж иргэдийн саналыг яаж тусгах гэж байгаа талаар, мөн хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн санал гарвал төсвөө татаж авах юм уу гэж асуусан. Гэтэл “Чи төсөв татуулдаг хэн бэ?” гэдэг хариулт сонсов. Санал асуулга явуулж байгаа зорилго нь маш ойлгомжгүй байсан учраас гайхаж асуусан юм л даа. Харин сайд тодорхой хариулж чадсангүй. Магадгүй өөрөө ч зорилгоо ойлгоогүй болов уу.
Харин уржигдар УИХ-ын чуулганы танхимд Боловсролын сайд Л.Энх-Амгалантай «Гэрт ойрхон сургууль» хөтөлбөрийн түрээсийн зардлаас болж маргав. Би өмнө нь боловсролын салбарын төсвийг хасах санал огт гаргаж байгаагүй. Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахын тулд энэ салбарт илүү их хөрөнгө оруулах ёстой гэж боддог. Харин энэ удаад уг хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсролын яамнаас хангалттай тайлбар авч чадаагүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг болзошгүй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор 14 тэрбум төгрөгийн түрээсийн зардлыг төсвийн тодотголоос хасах санал гаргасныг УИХ-ын гишүүд дэмжсэн. Гэтэл сайд намайг олон мянган хүүхдийн сурч боловсрох эрхэд халдсан гэж буруутгав. Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, түүнд шаардлагатай санхүүжилтийг хууль ёсны дагуу төлөвлөж, зарцуулах нь Боловсролын сайдын өөрийнх нь үүрэг шүү дээ. Төсвийн зарцуулалтын үндэслэлийг асуусан намайг элдвээр буруутгаж, чуулганы танхимд орилох хэрэг байсан л юм байх даа.
УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, асуулт асуух, шаардлага тавих, төсөвт өөрчлөлт оруулах санал гаргах бүрэн эрхтэй. Сайд нарын байр суурь гишүүдийн саналтай зөрж болно. Миний асуулт, дүгнэлт ч алдаатай байж болно. Тэгвэл үндэслэлээр нь няцаана биз. Бодлогын асуудлаар мэтгэлцэхийн оронд хувь хүн ярих…
Би ч энэ бүхний дунд улам хурцлагдаж байх шиг байна. Улсын Их Хурал дээр сайд нартай маргалдана, сошиалд хувь хүн рүү чиглэсэн элдэв дайралтад өртөнө. Иргэдийн амьдрал хүнд, маш олон асуудал шийдэлгүй байхад улс төрийн уур амьсгал ийм байхаар өөрийн эрхгүй бухимдах л юм. Заримдаа хана мөргөж байгаа мэт мэдрэмж төрнө.
Гэхдээ асуух ёстой зүйлээ асуухаа, шалгах ёстой зүйлээ шалгахаа больж болохгүй, чимээгүй болж болохгүй. Иргэдийн өмнөөс хяналт тавих үүрэг хүлээсэн учраас яаж ч дайруулж байсан энэ үүргээ биелүүлж, нийтийн эрх ашгийн араас явах ёстой гэдгээ улам сайн ойлгож байна.
