УИХ-ын гишүүний мөнгө2 мин унших
Төсвийн хэлэлцүүлгийн тухай бодрол №2

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Төсөв батлагдана гэж найдаад гэрээ байгуулж болдог юм уу?
Өмнөх постод «Гэрт ойрхон сургууль» хөтөлбөрийн түрээсийн зардлаас 14 тэрбум төгрөг хасах саналын тухай бичсэн. Энэ асуудлыг цааш нь шалгаад үзтэл бүр сонин юм гарч ирэв.
Анх «Гэрт ойрхон сургууль» хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Excel файл ил болж, хэл ам гарахад Боловсролын яамныхан хөтөлбөрийн хүрээнд ямар ч гэрээ байгуулагдаагүй, аж ахуйн нэгжүүдтэй зөвхөн судалгааны түвшинд холбогдсон гэж тайлбарлаж байсан.
Гэтэл зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн даруйд Боловсролын яам аль хэдийнээ түрээсийн гэрээнүүд байгуулчихсан болж таарав.
Боловсролын яамнаас бүх гэрээг нь гаргуулж авлаа. Яах аргагүй төсвийн тодотгол батлагдаагүй байхад гэрээ байгуулсан байна. Түрээсийн гэрээний 4.2 дахь заалт нь бүр ийм: “Түрээсийн төлбөрийн зардлыг улсын төсөвт тусган эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу төлнө”.
Яагаад төсөв батлагдахаас өмнө гэрээ байгуулсныг лавлахад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга тодотгол батлагдчих байх гэж найдсан гэж надад хувьчлан тайлбарлав.
Төсөв батлагдана гэж найдаад төрийн өмнөөс гэрээ байгуулж болдог хэрэг үү?
Төсөв батлах бүрэн эрх УИХ-д бий. Засгийн газар төсвийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ хэлэлцэж, өөрчилж, батална.
Гэтэл УИХ төсвийг нь батлахаас өмнө яам гэрээ байгуулсан байвал яах вэ? УИХ тэр зардлыг батлахгүй гэвэл гэрээгээр хүлээсэн үүргийг хэн, ямар эх үүсвэрээр барагдуулах вэ? Нэгэнт гэрээ байгуулчихсан, хүүхдүүд суралцаж эхэлсэн гэж тайлбарлаад УИХ-аас төсвийг нь батлахыг шаардаж болох уу?
Энэ бол төсвийн сахилга бат, төрийн байгууллагуудын хариуцлага, УИХ-ын төсөв батлах бүрэн эрхтэй холбоотой ноцтой асуудал.
Гэрээнүүдийг ямар эрх зүйн үндэслэлээр байгуулсан, тухайн үед батлагдсан төсвөөс санхүүжүүлэх боломж байсан эсэх, гэрээгээр яг ямар төлбөрийн үүрэг хүлээсэн зэргийг дахин нягтлах шаардлагатай. Хэрэв төсвийн хууль тогтоомж зөрчсөн бол хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал ч яригдана.
Тиймээс ирэх Лхагва гарагт буюу 10 дугаар сарын 21-нд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар «Гэрт ойрхон сургууль» хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх санал гаргасан бөгөөд энэ үеэр дээрх асуултуудад хариулт авахыг зорьж байна.
Мөн хүүхдүүдийн суралцах нөхцөлийг хэрхэн хангах вэ гэдгийг ч УИХ дээр ярих ёстой гэж бодож байна. Нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх ёстой. Хүүхдүүдийн хичээл сургууль тасалдаж, томчуудын гаргасан шийдвэрийн үр дагаврыг хүүхдүүд үүрч болохгүй.
