Олон улсын харилцаа2 мин унших
ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн хорооны 77 дугаар чуулган эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байна. Чуулган Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо өнөөдөр эхэллээ.
Чуулганы эхний өдөр бүсийн захирлын өнгөрсөн нэг жилийн ажлын тайлан, 2025–2026 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл болон 2027–2028 оны төсвийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмж, аюулгүй байдал
Энэ удаагийн чуулганы Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлгээр зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бүс нутгийн нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох асуудлыг онцолж байна.
Чанартай, аюулгүй эмийг боломжийн үнээр худалдан авч, эмийн хомсдолоос сэргийлэх энэхүү механизм нь Монгол Улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой. Бид эмийн хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллана.

Зүрх судасны өвчлөлийг бууруулах
Бүс нутгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох зүрх судасны өвчлөлийг бууруулахын тулд артерийн даралт ихсэлтийг эрт илрүүлэх, хянах, анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ.
Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн технологи
Оношилгоо, эмчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тандалтад хиймэл оюун ухааныг аюулгүй, ёс зүйтэй нэвтрүүлэх удирдамжийн төслийг хэлэлцэнэ. Технологийн дэвшлийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зарчимд нийцүүлэн ашиглах нь чухал.
Дархлаажуулалтын хамралтыг сэргээх
Вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, дархлаажуулалтаас хоцорч буй хүн амын бүлгүүдэд хүрч ажиллах стратегийг гишүүн орнууд хэлэлцэн батална.

Электрон болон шинэ төрлийн тамхины хэрэглээг хязгаарлах
Залуучуудын дунд тархаж буй электрон болон шинэ төрлийн тамхины хэрэглээг бууруулах, хууль эрх зүйн орчныг чангатгах, ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилтийг нэмэгдүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцэнэ.
Бүс нутгийн хамтын ажиллагаа — иргэдийн эрүүл мэндийн төлөө
Энэ чуулганаас гарах шийдвэрүүд нь бүс нутгийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг шинэ түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс эрүүл мэндийн салбарынхаа тэргүүлэх зорилтуудыг олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж, иргэн бүрд чанартай, аюулгүй, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ хүргэхийн төлөө ажиллаж байна.
