Олон улсын харилцаа1 мин унших
НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Ереван хотноо болж байна

НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 10 дугаар сарын 19-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Армен Улсын нийслэл Ереван хотноо болж байна.
Тус хуралд Монгол Улсад зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл, зохион байгуулалт, хэлэлцээний үйл явцад оролцсон БОУАӨЯ-ны төлөөлөл оролцож, Монгол Улсад UNCCD СОР17 хурлыг амжилттай зохион байгуулсан туршлага, үр дүнд тулгуурлан олон улсын хэлэлцүүлэг, хэлэлцээрт оролцож байна.
Монгол Улсад зохион байгуулсан UNCCD COP17 нь цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулах асуудлыг дэлхийн анхаарлын төвд авчирч, Монгол Улсаас дэвшүүлсэн “Тал хээрийн тэргүүлэх санаачилга”-ыг олон улсад танилцуулж, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, санхүүжилтийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.
Армен Улсад болж буй COP17-ын хүрээнд дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах, доройтсон экосистемийг нөхөн сэргээх, 2030 он хүртэлх зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын хувьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, усны нөөц болон зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах нь биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн зорилтуудтай салшгүй холбоотой юм.
