Түүх, уламжлал2 мин унших
Мэндчилгээ

Монголчууд бид төрт ёсны нэн эртний их түүхтэй ард түмэн билээ. Төрөө дээдлэн сүсэлж, цай сүүнийхээ дээжийг өргөн “Төрийн сүлд минь өршөө” хэмээсэн сүсэлсээр иржээ.
Төрт ёс, төрийн их бэлгэдлийн нэгэн нь төрийн дуулал байдаг. Монгол нутагт төрт улсаа байгуулж асан, монголчуудын эртний их өвөг Хүннү нар болон түүний дараах төрт улсууд төрийн дуулалтай байсан талаарх түүхэн эх баримт өнөө хир эс мэдэгдэнэ.
Өдгөө бидэнд мэдэгдэж байгаагаар Их Монгол Улсын “Эртний сайхан” хэмээх төрийн их дуулалтай байж, эзэн Чингис хаанаа их сууринаа залсан 1206 оны хаврын тэргүүн сард эгшиглүүлж байжээ.
Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгуураас бүрдэв ээ хөө хэмээн алгуулах энэ дуу бол “Эртний сайхан” хэмээх уртын дуу, төрийн дуулал болно.
Харин Монгол төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ХХ зууны эхэнд “Зуун лангийн жороо луус” хэмээх уянга эгшиг аян дан бүхий нэгэн дууг Хаант Монгол улс төрийн дуулал болгон эгшиглүүлж байв.
Түүний хойно 1920-1950-аад онд “Монгол Интернационал” хэмээх дууг төрийн дуулал болгон нэг хэсэг эгшиглүүлжээ. Тус дууны үгийг С.Буяннэмэх бичиж, аялгууг нь алдарт дуучин Магсаржавын Дугаржав зохиож байж.
Өнөө цагт дуулагдаж буй төрийн дууллыг зохиох шийдвэр 1950 онд гарч үгийг нь ЦДамдинсүрэн бичиж, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар аялгууг зохиосон байна. Тус төрийн дууллыг 1950 оны 5 дугаар сарын 1-ээс улс даяар хэрэглэж эхэлсэн байна.
Хожим Ц.Гайтав, Ч.Чимид нар үгийг нь өөрчилсөн бол аялгууг хэвээр үлдээж байв. Харин Ардчилсан өөрчлөлтийн дараа Ц.Дамдинсүрэнгийн үгийг буцааж сэргээн хэрэглэх болсон бөгөөд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан төрийн дууллын үгийг шинэчлэн найруулжээ.
Энэ өөрчлөлтөөр ??Монголын тусгаар тогтнол, түүхэн өв, өвөг дээдсийн гавьяа, хэл соёлоо үе дамжуулан хадгалах санааг онцолсон байна.
