Хэнтий Аймаг1 мин унших
Бэрх хотын иргэдтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт Хэнтий аймгийн Бэрх хотын иргэдтэй уулзаж, салбарын бодлого, шийдвэр, төсвийн тодотголын талаар мэдээлэл хүргэлээ.
Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс ахмадын доод тэтгэврийг нэг сая төгрөгт хүргэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр ЖДҮ болон малчны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт хэд хэдэн санал уламжилж, асуулт асуулаа.
Мөн Бэрх хотод тулгамдаж буй дэд бүтцийн асуудлуудад иргэд шийдэл нэхэж байна. Тухайлбал, үерийн усны шугамыг шийдвэрлэх, 2023 оноос хойш 30 хувийн гүйцэтгэлтэйгээр гацаад байгаа Цэвэрлэх байгууламжийн ажлыг яаралтай эрчимжүүлэх шаардлага тулгараад байна.

Үүнээс гадна Бэрх хотын Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн төсөв бодитоор ирэхгүй, гажуудлыг Сангийн яамны түвшинд цэгцлэх хүсэлтийг уламжиллаа. Түүнчлэн орон нутаг өөрийн 35 га газартаа хүнсний ногоогоо 100 хувь хангах бүрэн боломжтой. Тиймээс дотоодын ургацаа нөөцлөх 100-150 тонны багтаамжтай хүнсний зоорь барих шаардлагатай байгааг иргэд онцлов.
Бэрхчүүдэд ХХААХҮ-ийн салбарт олгогдож буй зээл, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас зээлээр олгож буй техникийн боломжийн талаар мэдээлэв. Түүнчлэн иргэдээс тавьсан асуудлууд, төсөв болон дэд бүтцийн гацааг холбогдох газарт уламжилж, шат шатандаа шуурхай шийдвэрлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийллээ.
