Түүх, уламжлал2 мин унших
Дэлхийн хүнсний өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт ажиллагсад, малчид, тариаланчид, баялаг бүтээгчид та бүхэндээ Дэлхийн хүнсний өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэдэг Дэлхийн хүнсний өдрийг энэ жил “Өнөөдрийн инновац маргаашийг тэтгэнэ” уриан дор тэмдэглэж байна. Ийнхүү олон улсын түвшинд түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, хяналтын тогтолцоонд шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан шийдлийг нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцолж байгаа нь тохиолдлын хэрэг биш.
Хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр тогтвортой хангана гэдэг зөвхөн өнөөдрийн асуудал биш бөгөөд энэ нь ирээдүй хойч үеийнхээ амьдралын чанар, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулж буй хэрэг юм. Хөдөө аж ахуй, хүнсний салбарт дэвшилтэт техник технологи, дижитал шилжилт, шинжлэх ухааны ололт буюу инновацыг нэвтрүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн оновчтой гарц болоод байна.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг үндэсний хэмжээний тэргүүлэх чиглэл болгон зарлаж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, дотоодын үйлдвэрлэлийг ухаалаг системд шилжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай салбарын эрхэм зорилго юм.
ХХААХҮЯ шинжлэх ухаан, технологийн дэвшил, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргаж, уламжлалт мэдлэг, инновац, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан илүү хүртээмжтэй, эрүүл, аюулгүй, байгальд ээлтэй хүнсний тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна.
Өнөөдөр бидний нэвтрүүлж буй шинэ санаа, орчин үеийн технологи, үр ашигтай шийдэл бүхэн маргаашийн Монгол Улсын хүнсний бие даасан байдал, тогтвортой хөгжлийг тэтгэх үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Эх орныхоо хөрсөнд ургасан шим тэжээлт хүнсээр ард иргэдээ хангах, салбартаа шинэ санал санаачилга, инновацыг нэвтрүүлэхээр цаг наргүй хөдөлмөрлөж буй хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт хамт олонд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
