Алба хаагчдын нийгмийн асуудал1 мин унших
Дорнод аймгийн ахмад дайчдын гэр бүлд Ерөнхийлөгчийн илгээлтийг хүргэлээ

Халхын голын дайны ялалтын өлгий нутаг Дорнод аймагт ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж явсан 60 ахмад дайчны гэр бүл, үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг хүндэтгэлтэйгээр уламжиллаа.
Илгээлтээр дайнд оролцсон ахмад дайчдын түүхэн гавьяаг архивын баримтаар сэргээн баталгаажуулж, “Бид ялав” медалийг сэргээн, үр хүүхдэд нь гардуулсан нь онцгой ач холбогдолтой байлаа.
1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны түүх Дорнод нутагтай салшгүй холбоотой. Өнөөгийн Чойбалсан хот буюу тухайн үеийн Баянтүмэн дайны жилүүдэд стратегийн чухал түшиц газар болж, дайсны бөмбөгдөлтөд хүртэл өртөж явсан түүхтэй.
Энэ нутгийн хөрсөнд эх орныхоо төлөө тулалдсан дайчдын эр зориг, ард иргэдийн тэсвэр хатуужил, тусгаар тогтнолоо хамгаалсан түүх шингэсэн билээ.
Тусгаар тогтнол бидэнд өвөг дээдсийн минь амь нас, асгарсан цус, асар их зүтгэлийн үнэ цэнээр хамгаалагдаж ирсэн.
Тиймээс эх орныхоо төлөө тулалдсан баатруудын алдар гавьяаг мартахгүй байх, тэдний түүхийг баримтаар баталгаажуулж, үр хүүхэд, ач зээ нарт нь өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг юм.
Ахмад дайчдынхаа гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт гүн хүндэтгэл илэрхийлье.
Баатруудын гавьяа мөнх, Монгол Улсын тусгаар тогтнол бат оршиг!
Эх сурвалж:
Батлан хамгаалах яам