Хамтын ажиллагаа1 мин унших
БАТЛАН ХАМГААЛАХЫН АЖ ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУРК УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Муса Хэебэтийн Монгол улс дахь айлчлал үргэлжилж байна.
Өнөөдөр БХ-ын сайд Д.Батлут түүнийг хүлээн авч уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Монгол, Туркийн харилцаа 2025 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Энэхүү түншлэлийг батлан хамгаалах салбарт бодит үр дүнгээр бататгах нь бидний чухал зорилт юм.
Уулзалтын үеэр батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг онцолж, Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрийн АСФАТ компанитай хамтран ажиллах, инженер, техникийн мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов.
Туркийн тал Монгол Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн хөгжлийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, сансрын технологийн ашиглалт, хилийн аюулгүй байдал зэрэг шинэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүллээ.
Өнөөг хүртэл Турк Улсад манай 350 орчим сонсогч батлан хамгаалах чиглэлээр суралцсан нь хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн бодит үр дүн юм. Цаашид цэргийн боловсрол, хамтарсан сургалт, хээрийн сургуулилалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ.
Бидний зорилго бол хамтын ажиллагааг зөвхөн уулзалт, хэлэлцээгээр хязгаарлах бус, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх бодит ажил, үр дүнд хүргэх явдал юм.
Монгол, Туркийн стратегийн түншлэл батлан хамгаалах салбарт улам батжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж:
Батлан хамгаалах яам