Хамтын ажиллагаа2 мин унших
Дэлхийн банкны дэмжлэгтэй хоёр төсөл үр дүнгээ дүгнэлээ

Өнөөдөр /2026.10.22/ Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарын хөгжил, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хоёр төслийн үр дүнг хэлэлцэж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилт техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” болон “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн 9 жилийн үр дүн, ололт, амжилтыг дүгнэн хэлэлцлээ.
Төслийн үйл ажиллагааг Дэлхийн банкны зээл болон техникийн дэмжлэгтэйгээр 2018-2026 онд нэгдсэн зорилгын хүрээнд хоёр үе шаттайгаар амжилттайгаар хэрэгжүүлж дуусгалаа.

Энэ хоёр төсөл нь 2018–2026 онд хоёр үе шаттайгаар хэрэгжиж, хөдөлмөр эрхлэлтийн салбарын шинэчлэлд бодитой хувь нэмэр орууллаа.Төслийн үр дүнгээс онцолбол,
• 900 гаруй мянган иргэн төслийн үр шимийг хүртлээ.
• Цар тахлын хүндрэлийн үед 285 мянга гаруй ажиллагчийг дэмжиж, 28.4 сая ам.долларын нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэн, ажлын байрыг хамгаалахад хувь нэмэр орууллаа.
• Хөдөлмөр эрхлэлтийн цахим eJob системийг нэвтрүүлснээр 268 мянган иргэн уг үйлчилгээг ашиглаж, шинэчлэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудаар дамжуулан 147 мянга гаруй иргэн ажлын байранд зуучлагдлаа.
• 2100 гаруй бичил бизнес эрхлэгчид 10.2 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, 5200 ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүллээ.
• Салбарын хэмжээнд 1900 ажилтны компьютер, тоног төхөөрөмжийг шинэчилж, хөдөлмөр эрхлэлтийн 1054 ажилтныг мэргэшүүлэн чадавхжууллаа.

Эдгээр тоо бол зөвхөн төслийн үр дүнгийн үзүүлэлт биш. Энэ бол ажлын байраа хадгалж үлдсэн ажилтан, бизнесээ үргэлжлүүлэн эрхэлсэн аж ахуйн нэгж, ажилтай орлоготой болох боломжоо нэмэгдүүлсэн иргэдийн бодит үр дүн юм.
