Эмэгтэйчүүдийн эрх1 мин унших
Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хэлэлцэв

"Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох" сэдэвт хэлэлцүүлэг /2026.10.21/ зохион байгуулагдлаа.
Хүний эрхийн дэд хороо, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллага хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутагт хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулав.
Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймаг, нийслэлийн Багануур дүүргийг сонгож, зорилтот бүлгийн 200 хүнийг хамруулсан чанарын судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үйлчилгээ авахад алслагдсан байршил гол саад болдог, хүчирхийллийн талаарх мэдээлэл хангалтгүй, удмын нэр хүндийг бодож хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгддэггүй, нууц алдагдахаас айх, архины хэрэглээ, хохирогчийг буруутгах хандлага, хэвшмэл ойлголт зэрэг асуудлыг тодорхойлсон байна.
Түүнчлэн орон нутагт сэтгэл зүйн үйлчилгээ авах хэрэгцээ өндөр байгаа бөгөөд малчин өрхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.
Оролцогчид жендэрийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах бодлого, шийдлийн талаар санал солилцлоо.





