• logo
  • search
    user

О.Номинчимэг:

Ирээдүй хойч үеийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн эрх ашиг гэж байхгүй!

2026.10.27
8 мин унших
Номинчимэг Одсүрэн

Тамхины хяналтын тухай хууль гурван ч удаагийн чуулган дамнан хэлэлцэгдэж, нэлээд шүүмжлэл, маргаан дагуулсны эцэст батлагдлаа. Хууль батлагдахаас өмнөх нөхцөл байдлаас яриагаа эхлүүлье?

Тамхины хяналтын тухай хууль 2026 оны 10 дугаар сарын 16-нд Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэгцэгдэн батлагдлаа. Ингэхдээ жил гаруй хугацаанд Улсын Их хурал дээр хэлэлцэгдсэн байдаг. Хуулийн төслийг анх санаачилж, боловсруулж эхэлснээс хойш хоёр жил орчим болсон. Анх Тамхины хуулийг санаачилж байна гэхэд “наадах чинь хэцүү хууль даа” гэх хүмүүс цөөнгүй л байсан. Нөгөө талдаа хүүхэд, өсвөр үеийнхний дунд тамхидалт маш тулгамдсан асуудал болчихсон. Тухайлбал, намайг хотын орлогчоор ажиллаж байхад эрүүл мэнд, боловсролын салбарынхан болон эцэг, эхчүүдийн зүгээс электрон тамхийг /вэйп/ зохицуулж өгөөч гэдэг асуудлыг удаа дараалан тавьж байсан ч бодлогын алхам хийгдэж чадахгүй явсаар өдийг хүрсэн юм. Харин өнөөдөр Тамхины хяналтын хуулийн хүрээнд олон удаагийн хэлэлцүүлгүүд хийгдэж, урт зам туулсны эцэст УИХ-ын дийлэнх олонхын дэмжлэгээр ийн ажил хэрэг боллоо.

Өнөөдөр нийт нас баралтын 17 хувь буюу жилд 4,300 орчим хүн тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар хорвоог орхиж байна!

Хууль батлагдахаас өмнөх нөхцөл байдал гэвэл, 2013 онд Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш тодорхой хугацаанд эерэг үр дүн гарч байсан. Гэсэн ч түүнээс хойш бодлогын үргэлжилсэн алхмуудыг хийгээгүйгээс тамхидалтаас урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн хор, хохирол үлэмж нэмэгдсэн гэхэд болно. Тухайлбал, Монгол Улс жилдээ 4300 иргэнээ тамхидалтаас үүдэлтэй нас баралтаар алддаг байх жишээний! 4300 хүн гэдэг томоохон сумын хүн амтай дүйцэх хэмжээний маш “том” тоо. Нэг үгээр хэлбэл бүтэн жилийн турш өдөр бүр 12 гэр бүл ойр дотнын хүнээ тамхинаас үүдэлтэй өвчнөөр цаг бусаар алдаж байна гэсэн үг. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд маш ноцтой тоо.

10 настай балчир хүүхэд хүртэл амандаа электрон тамхи зуучихсан явж байгаа нь эмгэнэлтэй. Ирээдүй хойчийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн эрх ашиг гэж байх ёсгүй. Ямар нэгэн зохицуулалт хийх нь төрийн үүрэг.

Бид 13 жил Тамхины хяналтын тухай хуульдаа өөрчлөлт оруулж чадаагүй. Харин 126 гишүүнтэй шинэ парламент нийгмийн эрүүл мэндийн төлөө бодитой алхам хийлээ гэж олон нийт харж байна?

Монгол Улс дэлхийн улс орнуудаас тамхинаас үүдэлтэй нас баралт, өвчлөлөөр дээгүүрт орж байна. Жил тутам орж ирж байгаа янжуур тамхины импорт үлэмж нэмэгдчихсэн, тамхинд орсон хүүхдүүдийн нас залуужчихсан нөхцөл байдалд ямар ч хуулийн зохицуулалтгүй электрон тамхи /вэйп/, шинэ төрлийн зажилдаг бохь, завжиндаа хүлхдэг олон төрөлт үнэр, амт оруулсан тамхинууд аль хэдийн ороод ирсэн. Энэ нь нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал болоод буй. 

Эцэг, эхчүүдийн зүгээс ч хүүхдэдээ хяналт тавихад хэцүү болж, багш, эмч нарын зүгээс үзлэгээр явахад хүүхдүүдийн уушгины багтаамж суларсан байна гэдгийг хэлж байсан. Өнөөг хүртэл ямар ч хуулийн зохицуулалтгүйн дээр хэн дуртай нь оруулж ирээд, хаа дуртай газраа зардаг байдал хэрээс хэтэрсэн гэж хэлж болно! Ялангуяа сошиал орчинд реклам, сурталчилгаа түрэмгий явж байгаагаас улбаалан хүүхдүүдийн тамхины хэрэглээ эрс нэмэгдээд байна. Хот байтугай хөдөө орон нутагт ч хэрэглээ үлэмж ихсэж, цаашлаад вэйп нь үе тэнгийн гадуурхалтын нэг хэлбэр, хэрэгсэл болчихсон байсан нь нууц биш! Тодруулбал, бид нарыг хуулийн төсөл боловсруулаад явж байхад Ховд аймгийн хүүхдийн зөвлөлөөс таван мянга гаруй хүүхэд гарын үсгээ цуглуулж, саналаа ирүүлсэн. Түүнчлэн Төв аймаг, Баянхонгор гэх зэрэг аймгуудаас үнэр, амттай электрон тамхины замбараагүй хэрэглээг цэгцлэхийг хүсэж, засаг даргын хүрээнд шийдэж чадахгүй байна гэдэг саналаа ирүүлсэн. Яахав өмнөх парламентын үед энэ асуудлыг шийдэх оролдлогууд бол хийгдэж байсан юм. Эрүүл мэндийн яам болон УИХ-ын зарим эмэгтэй гишүүн энэ асуудалд анхаарч, ажиллаж эхлэхээр нь гутааж, хэн нэгний лоббичин болгож, санаачилгыг нь мохоочихдог. Эсхүл засаг дарга нар нь өөрийн эрхийн хүрээнд арга хэмжээ авъя гэхээр шүүхэд өгчихдөг байх жишээний. Нэг ёсондоо, цөөхөн хэдэн монопол тамхины компаниудын хүчтэй эсэргүүцэлтэй тулдаг байсан. Бид юуны төлөө 126 гишүүнтэй парламенттай болсон билээ. Гагцхүү иргэдийнхээ төлөөллийн чадавхыг сайжруулна л гэж парламентын гишүүдийн тоог олшруулж, тогтолцоогоо өөрчилсөн шүү дээ. Миний хувьд нийгмийн эрүүл мэнд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах бодлогын “том” алхам хийгдлээ хэмээн харж байна.

Монгол Улс татварын бодлогоороо нийгмийн эрүүл мэндээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байна гэх дүгнэлтийг өгсөн.

Тамхи нь эрүүл мэндэд хор уршигтайн дээр нийгэм эдийн засагт өндөр өртөг учруулж байгаа талаар Та мэдээлж байсан. Энэ тал дээр?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, болон Нэгдсэн Үндэсний байгууллагын /НҮБ/ хамтарсан хөгжлийн хөтөлбөр 2023 онд Монгол Улсад тамхинаас үүдэлтэй эдийн засгийн ямар хохирлын талаарх судалгааны тайланг гаргасан. Тухайлбал, нийт нас баралтын 17 хувь буюу жилд 4,300 орчим хүн тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар хорвоог орхиж байна. Мөн тамхинаас үүдэлтэй эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байна. 2023 онд 801 тэрбум төгрөг байсныг өнөөдрийнхөөр тооцвол нэг их наяд гарчихна гэсэн үг. Гэтэл улсын төсөв дээр хавдрын эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн байгууллагад тоног төхөөрөмж авах гэж бид бөөн л юм болдог шүү дээ. Гэтэл тамхинаас үүдэлтэйгээр жил бүр нэг их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол үүсээд байна гэдгийг бодитоор мэдрүүлэх “кейс” гарахгүй байна. Учир нь тамхины хор хөнөөл аажим аажмаар гардаг учир энэ асуудалд төдийлөн анхааралгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь нууц биш. Уг нь бол нийгмийн эрүүл мэндийн маш том бодлогын нэг хэрэгсэл байх учиртай юм. Дэлхийн банкнаас Монгол Улсын санхүүгийн бодлого болон Сангийн яамны бодлогод дүн шинжилгээ хийж, 2025 оны зургаадугаар сард дүгнэлт өгсөн байдаг. Мөн ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцод ч Монгол Улс нэгдэн орсон. Үүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Үүнд, “Монгол Улс архи, тамхинаасаа олигтой албан татвар авч чаддаггүй бөгөөд ялангуяа тамхины асуудал дээр ямар ч шинэчлэл хийгээгүй байна. Тамхинаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хохирол нь тамхинаас авч буй татвараас 12 дахин их байна. Иймд эдийн засгийн аргаар буюу татвараар нөхөх ёстой. Хортой бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авдаг байхад үүнийг хаячихсан байна! Жил ирэх тусам татварын орлогод эзлэх архи, тамхины албан татварын хэмжээ маш бага болж байна”. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс татварын бодлогоороо нийгмийн эрүүл мэндээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн.

Хууль батлагдсанаас хойш цахим орчинд төөрч будилсан иргэд цөөнгүй байх шиг байна. Та хуульд орсон онцлох заалтуудаас нь хэлж өгөөч?

Хуулийг анхлан боловсруулж эхэлснээс хойш л иргэд, олон нийтийг талцуулах, худал мэдээллээр бөмбөгдөж, эргэлзээ төрүүлэх зорилготой “тактик” их явсан. Сүүлдээ ч намайг янжуур тамхины лоббичин хүртэл болголоо. Ингэж явсаар Тамхины хяналтын тухай хууль батлагдангуут зохион байгуулалттайгаар иргэдийг төөрөгдөлд оруулах мэдээлэл цацаж байгаа харагдсан. Тамхины хяналтын тухай хуулийн энэ удаагийн өөрчлөлтийн үзэл санаа ерөөсөө л хүүхэд, өсвөр үеийнхнийгээ тамхидалтаас хамгаалах юм.

Нэгдүгээрт, хүүхэд, залуусын дунд тархаад байгаа электрон тамхи (вэйп), зажилдаг бохь, үнэр, амт агуулсан тамхин бүтээгдэхүүн хортой, донтуулдаг хэр нь өнөөг хүртэл ямар ч хуулийн зохицуулалтгүй байсан. Өмнөд Солонгос, Австрали зэрэг улстай харьцуулахад манай 18 нас хүрээгүй хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ 20–30 дахин өндөр байна гэсэн судалгаа бий. Тиймээс эдгээрийг хортой тамхи гэж хуульд тодорхойлж, импортлох, худалдах, хэрэглэх, сурталчлахыг зохицуулалтад орууллаа. Хоёрдугаарт, үнэр, амт агуулсан электрон тамхийг хориглосон. Дэлхийд ямар ч зохицуулалтгүй улсыг тоолбол Африкийн хэдэн улс, иргэний дайнтай Афганистан, тэгээд Монгол Улс байсан. Энэ чинь өөрөө эмгэнэл шүү дээ. Дэлхийн 90 орчим улс электрон тамхийг хуулиар зохицуулж, 20 гаруй нь хориглосон. Учир нь жимс, гаа, кола, банана зэрэг амттайгаар яг л зайрмаг шиг худалдаалж, хүүхдийн бүрэн хөгжиж амжаагүй тархийг донтуулж байна. Манай дунд, ахлах ангийн сурагчдын 60–70 хувь нь хэрэглэж байна. Тамхины амтаас бусад амттай бүх бүтээгдэхүүнийг хориглож буй нь өнөөдөр зах зээл дээр байгаа электрон тамхины 99 хувьд хамаарна. Тамхинаас гарахыг хүсэж буй насанд хүрэгчдэд тамхины амттай электрон тамхийг сонголт болгон үлдээсэн. Гуравдугаарт, Тамхины үнэ 10 хувь өсөхөд тамхидалт дунджаар 4 хувиар буурдаг, ялангуяа орлогогүй хүүхэд, өсвөр үеийнхэнд илүү нөлөөлдөг. Монголд янжуур тамхи дэлхийд байхгүй хямд байгаа. Тиймээс бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ. Мөн архины адил давтагдашгүй код наадаг болж, хэн үйлдвэрлэж, импортолж, хаана борлуулж байгааг хянах боломжтой болно. Дөрөвдүгээрт, гудамжаар алхахад хаа сайгүй тамхи татдаг боллоо гэсэн иргэдийн саналын дагуу гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбай, дотоод орчинд тамхи татахыг хориглосон.

Нэгэнт электрон тамхинд орсон хүүхэд, янжуур тамхинд орох эрсдэл нь 5 дахин нэмэгддэг. Цаашлаад хар тамхины хэрэглээний гүүр болох эрсдэлтэй байдаг.

Хууль батлагдлаа гээд асуудал бүгд шийдэгдэхгүй. Хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

Хуулийг батлах нь Улсын Их Хурлын ажил. Харин батлагдсан хуулийн хэрэгжилтийг Улсын Их хурлын өмнө Засгийн газар үүрэг хүлээж, тайлагнадаг тогтолцоотой. Хуульд хэн ямар үүрэгтэй байхыг маш тодорхой шинэчилж оруулж өгсөн. Юуны түрүүнд мэдээж Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар Монгол Улсын хуулийн шаардлагад нийцээгүй тамхи орж ирэх асуудалд сайтар анхаарах ёстой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тамхи импортлогчдод олгодог тусгай зөвшөөрлийн шалгууруудаа ч маш сайн тавих ёстой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх бүтэц байхгүй болсноос үүдэн яалт ч үгүй хуулийн хэрэгжилт дээр сул тал ажиглагддаг. Гэхдээ нэн тэргүүнд  хуулийн хэрэгжилт хангагдахад олон нийтийн оролцоо маш чухал нөлөөтэй. Тухайлбал, иргэд маань дотор орчинд татахгүй байх шаардлагыг бие биедээ тавих хэрэгтэй. Мэдээж борлуулах цэгүүдээр насанд хүрээгүй хүнд зарахгүй байх хяналтын болон технологийн шийдлүүдийг хийсэн. Харин үүн дээр манай цагдаа бусад хариуцсан байгууллага, яамд, байцаагч нар ажиллах ёстой. Миний хувьд УИХ-ын гишүүний хувиар Засгийн газартаа хяналт тавих байдлаар хамтарч ажиллана.

Хуулийг олон нийтэд танин мэдүүлэх, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр Эрүүл мэндийн яам манлайлж оролцох нь зүйтэй