Ерөнхий боловсрол2 мин унших
Тэгш хамран сургана гэдэг зөвхөн сургуулийн хаалгаар оруулаад орхих асуудал биш!

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн ялгаатай хүүхдийн суралцах эрхийг хангах, боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаа үргэлжлүүлэн сайжруулах хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Комиссоос боловсролын салбарт холбогдох 9 зүйл бүхий зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжилтийг сайжруулах асуудлаар санал солилцохын сацуу тэгш хамран сургана гэдэг зөвхөн сургуулийн хаалгаар оруулаад орхих асуудал биш гэдэгтэй талууд санал нэгдэв.
Тэгш хамран сургах боловсрол гэдэг нь хөгжлийн ялгаатай хүүхдийг сургуульд элсүүлэх төдий асуудал биш. Хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин, арга зүй, мэргэжлийн дэмжлэгийг бүрдүүлж, сурч хөгжих эрхийг нь бодитоор хангах цогц тогтолцоо юм.
Хүний эрхийн Үндэсний Комисст хөгжлийн ялгаатай хүүхдийн суралцах эрх, бусад хүүхдийн суралцах орчинтой холбоотой гомдол ирж байгаа нь энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын уялдаа, дэмжлэгийн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна.

Уулзалтаар дараах асуудлуудаар санал солилцлоо.
- Эрх зүйн зохицуулалт: Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн зохицуулалтын давхардал, уялдаа холбоог цогцоор нь авч үзэх;
- Салбар хоорондын хамтын ажиллагаа: Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
- Дэмжлэгийн тогтолцоо: Дэмжих төвүүдийг сургуультай уялдуулан ажиллуулж, хүүхдийг сургуулиас нь тусгаарлах бус, суралцаж буй орчинд нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
- Багшийн хөгжил, хүний нөөц: Хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллаж буй багш нарт арга зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
- Тусгай сургуулийн үйл ажиллагаа: Тусгай сургуулийн мэргэшсэн багш, арга зүйн нөөцийг бусад сургуулийн үйл ажиллагаатай уялдуулж, дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэх.
Нийслэлийн ерөнхий боловсролын 336 сургуулийн багшаас авсан асуулгад дэмжлэгийн багийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгцээ хөндөгдсөн байна. Иймээс багш нарт үзүүлэх мэргэжлийн туслалцааг бодит үр дүнд хүргэж, хүүхэд бүрд шаардлагатай дэмжлэгийг оновчтой хүргэх нь чухал.
Мөн "Чиба" сантай хамтран хөгжлийн ялгаатай иргэдийн боловсрол эзэмшихээс эхлээд хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах хүртэлх амьдралын үе шат бүрд дэмжлэг үзүүлэх цогц тогтолцооны загварыг боловсруулж байна. Энэхүү загвар нь хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн дэмжлэгийг боловсролын бүх шатанд үргэлжлүүлэн хүргэж, цаашдын амьдрал, нийгмийн оролцоонд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хөгжлийн ялгаатай хүүхдийн суралцах эрхийг бодитоор хангахын тулд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүнг тогтмол үнэлж, сайжруулах шаардлагатай.
Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтын ажиллагааг тогтмолжуулж, хичээлийн шинэ жил эхлэх үеэр уулзан, бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар тогтмол санал солилцож байхаар тохиролцлоо.
