Байгалийн гамшиг2 мин унших
Зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ

Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймэрт өртөөгүй Бичигт уулын Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг орчим байгалийн амьтдын төвлөрөл их байгааг эрдэмтэн, судлаачид судалгаагаар тогтоогоод байна.
Тиймээс БОУАӨЯ-наас цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
2018, 2022 онд тус газар нутагт мэргэжлийн байгууллага хийсэн судалгаагаар ойн туруутан амьтан 3000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10 мянга гаруй бор гөрөөс байх боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон.
Эдгээр амьтдад зориулан Хамгаалалтын захиргаанаас өмнөх жилүүдэд 2-3 мянган боодол өвс бэлтгэн биотехникийн арга хэмжээ авдаг байсан.
2026 оны хувьд түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан 25-30 мянган боодол өвс бэлтгэн биотехникийн арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.
Тиймээс
• Орчны бүсийн 3 аймаг буюу Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бэлтгэсэн өвсний нөөц, ард иргэдийн бэлтгэсэн хадлангийн нөөцийг тооцоолон, Нөмрөгийн заставыг түшиглэж, боломжит байршлуудад өвс тэжээлийн цэг байгуулах, хамгийн ойр боломжит байршлаас цэгүүдэд өвс тэжээлийг татан төвлөрүүлэх, хуримтлуулах, нөөцлөх ажлыг зохион байгуулах.
• Дээрх ажилд шаардлагатай хүн хүч, машин техникийн тооцоо, судалгааг гаргах, өвс тэжээлийн нөөцийн тооцоо судалгааг Хүнс хөдөө, аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын онцгой комисс, холбогдох газар хэлтсүүд гаргах.
• Зэрлэг амьтадыг үргээхгүй байх, бэлчээр, орон зайг чөлөөлөх хүрээнд орчны бүсэд нутаглаж буй айлуудыг боломжит байрлалд нүүлгэн шилжүүлэх ажлыг аймаг орон нутаг зохион байгуулах
• Орчны бүсийн аймаг, орон нутгийн иргэдийн нөөцөд худалдахаар бэлдсэн өвс, тэжээлийн нөөц, үнийн тооцоо судалгаа гаргахыг аймгийн орон нутгийн удирдлага, Байгаль орчны газруудад чиглэл болгож байна.
Гаргасан тооцоо судалгаанд үндэслэн шаардлагатай төсөв санхүүжилтийг Засгийн газрын хуралд танилцуулан шийдвэрлэх болно.



