Аюулгүй байдал, Тусгаар тогтнол2 мин унших
"Нэгдсан Монгол Хөдөлгөөн"-ий цугларалтаас бодит төсөл, шинэ санаачилгууд төрлөө

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг нэгтгэсэн “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” ТББ-ын удирдах зөвлөл, зуутын удирдлагуудын нэгдсэн цугларалт 2026 оны аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү цугларалт нь эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлс, монгол хүний ондоошлыг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутгийн түвшинд бодит үр дүнд хүрэх санал санаачилгыг дэмжих зорилготой юм.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээний хүрээнд хөдөлгөөний удирдах зөвлөл, зуутын дарга, нарийн бичгийн дарга нар харилцан туршлага солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэл, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Цугларалтын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Паралимпын аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Би Монгол хүн”, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Монгол ондоошил”, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Онон “Хүн хүнээ хайрлах Монгол ухаан”, Д.Баасандамба “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх – Нэгдсэн Монголчууд” сэдвээр илтгэл тавьж, эх оронч үзэл, үндэсний бахархал, эв нэгдэл, хүний төлөвшил, нийгмийн үнэт зүйлсийн талаар оролцогчидтой үзэл бодлоо хуваалцлаа.
Мөн иргэний нийгмийн байгууллагын олон нийттэй харилцах арга барил, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох нөлөөллийн үйл ажиллагаа, бодит асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар сургалт зохион байгуулав.

ЦУГЛАРАЛТЫН ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ БОДИТ ШИЙДЭЛД ЧИГЛЭСЭН “ХАКАТОН” ТЭМЦЭЭН БАЙЛАА.
Хакатонд нийт 14 баг оролцож, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгаа боловсруулан танилцуулснаас Дүүрэн ахлагчтай “ТТ-321” багийн “ЭХ ОРОНЧ ИРЭЭДҮЙ” төсөл шилдгээр шалгарлаа.
Тус төсөл нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, үндэсний түүх, өв соёлын талаарх мэдлэг, ойлголтыг бага наснаас нь төлөвшүүлэхэд чиглэжээ.
Тодруулбал, Монголын түүхийн бодит баримт, баталгаатай эх сурвалжид тулгуурласан агуулгыг цэцэрлэгийн насныханд анимэйшн, бага ангийн сурагчдад амьд дүрийн дүрслэл, дунд ангийн сурагчдад сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хэлбэрээр хүргэхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр хүүхэд, залуусын нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн арга хэлбэрээр эх орныхоо түүх, үнэт зүйлсийг танин мэдэх боломжийг бүрдүүлэхийг зорьж буй юм.

Хакатон нь оролцогчдын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг сорихын зэрэгцээ үндэсний хэмжээнд тулгамдаж буй асуудалд иргэд өөрсдөө гарц, шийдэл эрэлхийлж, бодит төсөл боловсруулах боломж бүрдүүлснээрээ онцлог байлаа.
“Нэгдсэн Монгол хөдөлгөөн” нь үндэсний эв нэгдлийг зөвхөн уриа лоозонгоос ангид, иргэдийн оролцоо, хамтын хариуцлага, бодит үйл ажиллагаагаар бэхжүүлэхийг зорьж байна.
Энэ удаагийн нэгдсэн цугларалт нь Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж буй зуутын удирдлагуудыг нэг зорилго, нэгдмэл үнэт зүйлсийн дор нэгтгэж, орон нутгийн санал санаачилгыг үндэсний хэмжээний хамтын ажиллагаатай холбох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
