Үйл явдалТүүх, уламжлал2 мин унших
Цэргийн төв эмнэлгийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын орчин цагийн эрүүл мэндийн тогтолцооны эх суурийг тавилцсан түүхэн байгууллагуудын нэг болох Цэргийн төв эмнэлэг үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын үйл ажиллагаа болов.
1921 оны наймдугаар сарын 15-нд “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” нэртэйгээр байгуулагдсан тус эмнэлгийн 105 жилийн түүх бол эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл хэрэг, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эх оронч сэтгэл, мэргэжлийн ур чадвар, хүнлэг энэрэнгүй үйлсийн түүх юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
Өнөөдөр Цэргийн төв эмнэлэг нь зөвхөн батлан хамгаалах салбарын эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага бус, үндэсний эрүүл мэндийн тогтолцоонд стратегийн чухал үүрэг гүйцэтгэж буй төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон хөгжиж байна.
Тус эмнэлгийн хордлого судлал, эфферент эмчилгээ, гэмтэл, мэс заслын тусламж, үйлчилгээ, гамшиг, осол, онцгой нөхцөл байдлын үеийн эмнэлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавх нь улсын хэмжээнд чухал ач холбогдолтой.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд бид орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологи, инновацыг нэвтрүүлэх, мэргэшсэн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд цэргийн болон иргэний эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ болон гамшиг, осол, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний нэгдсэн чадавхыг бэхжүүлэх нь бидний чухал зорилтын нэг юм.
105 жилийн түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн бахархал төдийгүй ирээдүйн хөгжлийн хариуцлага билээ. Түүхэн уламжлал, үнэт өвөө хадгалан, орчин үеийн анагаах ухааны ололт, технологийн дэвшилтэй хослуулан хөгжүүлэх нь өнөөгийн бидний үүрэг юм.
Эх орныхоо батлан хамгаалах үйл хэрэг, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрхэм үйлсэд нэгэн зуунаас илүү хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Цэргийн төв эмнэлгийн хамт олондоо талархал илэрхийлье.
Та бүхний өргөсөн тангарагтаа үнэнч байх сэтгэл, мэргэжлийн ур чадвар, хүнлэг энэрэнгүй үйлс улам бүр дэлгэрч, эмнэлгийн хөгжил дэвшил, амжилт бүтээл арвин байх болтугай.

