УИХ-ын үйл ажиллагаа4 мин унших
Хууль хэрхэн "мэндэлдэг" вэ?

УИХ-ын гишүүн О.Саранчулуун УИХ-д хууль, тогтоолын төсөл өргөн барих, хэлэлцэх үйл явцыг их, дээд сургуулийн магистр, докторын судалгааны ажил боловсруулах, хамгаалах үйл явцтай харьцуулж тайлбарласныг хүргэе.
Орж ирсэн судалгаа бүр күүл биш байдаг шиг, хуулиуд бас л адилхан. Сайн муу янзүр л .. Задлан зүйрлэн тайлбарлая л даа.
1. СЭДЭВ СОНГОХ = АСУУДАЛ ТОДОРХОЙЛОХ
Судлаач ямар асуудлыг судлах шаардлагатайг тодорхойлдог бол хууль санаачлагч нийгэмд ямар асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатайг тогтооно.
Судлаач өмнөх судалгааг зүгээр давтаж хийдэггүйтэй адил хууль санаачлагч ч одоо байгаа зохицуулалтыг давтах бус, ямар асуудлыг шинээр шийдэх, эсвэл одоогийн зохицуулалтыг хэрхэн ахисан түвшинд хүргэхээ тодорхой харуулах ёстой. Жишээ нь би саяхан “Сэтгэлзүйн тусламж үйлчилгээний” тухай хэлэлцүүлэг хийсэн, тандалт судалгааны нэг л хувилбар..
2. СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ = ХУУЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
Судлаач өмнөх судалгаа, онол, нотолгоонд тулгуурлан судалгаагаа хийх шаардлагатайг үндэслэдэг.
Үүнтэй адил хууль санаачлагч одоо мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, сул тал, зохицуулалтын хийдлийг судалж, яагаад шинэ хууль шаардлагатайг нотлох ёстой. Мөн олон улсын сайн туршлагыг шууд хуулбарлах бус, Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн нутагшуулах, үндэсний бодлого, олон улсын гэрээ, конвенцтой уялдуулах шаардлагатай. Хуулийн бүрдэлд үүнийг хэрэгцээ шаардлагын судалгаанууд гсн хувилбартай файлууд бий, dparliament дээр бараг бүх хуулийг нь энийг нь хараарай.
3. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ = ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН МЕХАНИЗМ
Судлаач асуудлаа ямар аргачлалаар судалж, ямар нотолгоо цуглуулах, хэрхэн дүгнэлт хийхээ тодорхойлдог.
Харин хууль санаачлагч тухайн асуудлыг ямар эрх, үүрэг, хариуцлага, санхүүжилт, хэрэгжилтийн механизмаар шийдэхээ тодорхойлох ёстой.
Энд нэг чухал зүйл бий. Хууль хэрэгжихэд төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах вэ, санхүүжилтийн эх үүсвэр нь юу вэ, хэрэгжүүлэх байгууллагын чадавх хүрэх үү гэдгийг тооцох хэрэгтэй. Төсөвт нэмэлт ачаалал үүсгэх зохицуулалтад ЗГ болгоомжтой ханддаг. Харин зардал бууруулах санал байлаа гээд тэр нь автоматаар зөв шийдэл болчихгүй шүү дээ. Хамгийн гол нь үр нөлөөтэй, хэрэгжих боломжтой байх.
4. СУДАЛГААНЫ АЖЛЫН АРГАЧЛАЛ БАТЛАХ ЭСВЭЛ ЁС ЗҮЙН ХОРООГООР БАТЛУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ = ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ХАМГИЙН ЭХНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Судалгааны ажлыг мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлж, алдаа, дутагдал, сайжруулах шаардлагатай хэсгийг илрүүлдэг.
УИХ-д ч мөн адил Байнгын хороо, ажлын хэсэг, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг өрнөж, төслийн агуулга, зохицуулалтыг нягталдаг.
5. УРЬДЧИЛСАН ХАМГААЛАЛТ = АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Судалгааны ажил дараагийн шатанд орох шаардлага хангаж байгаа эсэхийг урьдчилан үнэлдэгтэй адил УИХ тухайн хуулийн төслийг цаашид хэлэлцэх эсэхийг эхлээд шийдвэрлэдэг.
УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа төслийг үргэлжлүүлэн боловсруулах, сайжруулах ажлын хэсэг ажилладаг. Жишээ нь миний саяхан өргөн барьсан “Нийгмийн ажлын тухай” хуулийн ажлын хэсгийг Ганхүлэг гишүүн ахалж байнаа. Тэд удахгүй өргөн барьсан хувилбарыг байнгын хорооны хуульчидтай хамтран сайжруулж төслийг анхны хэлэлцүүлэгт оруулж, гишүүдийн саналыг авч, дахин нягтална.
Гэхдээ энэ хоёр үйл явцын шийдвэрийн эрх зүйн үр дагавар өөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэг нь судалгааны ажлыг хамгаалалтад оруулах эсэхийг, нөгөө нь хуулийн төслийг парламентын хэлэлцүүлгээр үргэлжлүүлэх эсэхийг шийдэж байгаа хэрэг.
6. СУДАЛГААНЫ ШҮҮМЖ, ЗАСВАР = ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ буюу УИХ-д ”хоёрдахь” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Судалгааны ажлын арга зүй, үр дүн, дүгнэлтийг шүүмжилж, шаардлагатай засвар, сайжруулалт хийдэг.
УИХ-д ч хуулийн зүйл, заалт бүрийг хэлэлцэж, өөрчлөх, нэмэх, хасах санал гаргадаг. Ажлын хэсгийн боловсруулсан хувилбар болон гишүүдийн саналыг нэгтгэн, төслийг анхны болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд улам боловсронгуй болгодог.
7. ЭЦСИЙН ХАМГААЛАЛТ = ХУУЛЬ БАТЛАХ
Судалгааны ажлыг хамгаалуулах зөвлөл эцэслэн үнэлж, магистр, докторын зэрэг олгох эсэхийг шийдвэрлэдэг.
Харин УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураан батлах эсэхийг шийдвэрлэнэ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн хуулийн төслийг дэмжээгүй байна гэдэг нь тухайн асуудлыг шийдэхийг эсэргүүцэж байна гэсэн үг биш. Харин санал болгож буй шийдлийг хангалтгүй, үндэслэл сул, эсвэл дахин сайжруулах шаардлагатай гэж үзсэн байж болно.
Заа нөгөө талд, судлаачийн хамгаалалтын хурал дээр зөвлөлийн гишүүн байхгүй байдаг тохиолдолд дүнг тооцдоггүй бол гишүүд эзгүйд энэ дүрэм нь өөр. Шууд эсрэгт тооцдогоороо ялгаатай.
Нөгөө талаас, хуулийн төслийг дэмжсэн нь бүх зүйл, заалттай нь бүрэн санал нийлж байна гэсэн үг огтоос биш. Хэлэлцүүлгийн явцад өөрчлөх, сайжруулах санал гаргах боломж нээлттэй байдаг.
Эцсийн дүндээ хууль тогтоох үйл ажиллагааны үнэ цэнэ нь хэн санаачилсан, хэн өргөн барьсанд бус, харин тухайн асуудлыг хэр сайн судалж, хэр оновчтой шийдэл боловсруулж, иргэдийн амьдралд хэр бодит үр дүн авчрахад оршдог.
